Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Хөвсгөлийн Мөрөн, Цагаан-Уул сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хугацаанд тус сумдын гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай цэгүүдэд эргүүл, 19 хяналтын постуудыг ажиллуулж байна. Мөн иргэд голомтот бүс нутгаас болон гарал үүсэл нь тодорхойгүй тээвэрлэгдэн ирсэн тарвагыг хадгалж, нөөцөлсөн тарвагаа Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч устгалд оруулж байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн PCR шинжилгээгээр батлагдсан гурван тохиолдол байна.
Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тооны тарвагыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэжээ.
Иргэд та бүхэн хадгалж, нөөцөлсөн тарвага, тарваганы түүхий эд эрхтэн, арьс зэргийг Зооноз өвчин судлалын төвийн 7038-2420утсанд хандан устгалд оруулахыг уриалж байна. Тарвага хүлээлгэн өгсөн иргэнд хариуцлага, торгууль оногдуулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг чандлан хадгалах юм. Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн голомттой ба 2005-2025 онд тарваган тахлын нийт 31 хүний өвчлөлийн тохиолдол буюу жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж нас баралтын хамгийн өндөр байсан. Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 2015 онд тарваган тахлын хүний өвчлөлийн хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг тохиолдол нас барж, нэг тохиолдол эдгэрсэн. Тарваган тахал нь хавар дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог.