2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээл олгож, татварын орчныг шинэчлэхээр төлөвлөжээ.
Иргэд өдөр тутам худалдан авалт хийхдээ НӨАТ 10 хувь төлдөг. Энэ татвар нь улсын төсвийн татварын орлогыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг татвар юм.
Одоо бид арван хувийн НӨАТ төлөөд хоёр хувийг нь улирал тутам буцаан авдаг. Тэгвэл ирэх оноос сард нэг сая төгрөг хүртэл үнийн дүнтэй худалдан авалт хийвэл 5 хувийн буцаалт авна. Нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад 2 хувийн буцаалт өгнө.
2027 оноос эдгээр дүн өсөж 2, 5, 10 хувийн шатлалтын буцаан олголтыг нэвтрүүлж, далд эдийн засгийг бууруулахаар төлөвлөжээ. Учир нь НӨАТ нь бүртгэлийн давхар ач холбогдолтой. Хэн, ямар орлогыг борлуулалтаас олсон талаарх мэдээллийг иргэд баримтаа бүртгүүлснээр Татварын ерөнхий газар руу дамжуулдаг давуу талтай.
Харин манай улсад одоо ч баримт өгдөггүй худалдаа үйлчилгээний газрууд байсаар. НӨАТ-тэй болон НӨАТ-гүй гэсэн хоёр өөр үнэ тогтоод байна.
Мөн Засгийн газар бага орлоготой, бага үнийн дүнтэй худалдан авалт хийдэг иргэдэд илүү өндөр буцаан олголт өгнө гэв. Гэхдээ энэхүү шинэ зохицуулалтыг УИХ дэмжсэнээр хэрэгжиж эхэлнэ.












































































