Хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүнээ хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард гарсан.
Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр (2025.09.17)-ны 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Тодруулбал, Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн хүнээ онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Хүний амь насыг онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, сэтгэцийн хохирол уршгийн зардал 162 сая төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Д-д олгохоор шийдвэрлэв. Эрүүл мэндийн даатгалд гарсан 1 сая 477 мянган төгрөгийн зардлыг шүүгдэгчийн талаас гаргуулна. Шүүгдэгчээс оршуулгын зардлыг төлж, харин хүүгийн сэтгэлзүйд учирсан хохирлын 162 сая төгрөгийг төлж барагдуулна гэдгээ мэдэгдлээ.