Францын ерөнхийлөгч асан Николас Саркозиг Ливийн удирдагч, хурандаа Муаммар Гаддафийн олон сая еврогийн хууль бус хөрөнгөтэй холбоотой хэрэгт гэм буруутай гэж үзэн, таван жилийн хорих ял оноожээ. Гэхдээ түүний авлига, сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн зэрэг бусад бүх хэргийг цагаатгасан байна.
2007-2012 онд Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Саркози өдгөө 70 настай. Тэрбээр өөрт нь оноосон ялыг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа тул давж заалдахаар төлөвлөж байна.
Түүнийг 2007 оны сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд Гаддафигаас авсан хөрөнгийг ашигласан гэж буруутгаж байсан. Хариуд нь Саркози барууны орнуудад хүлээн зөвшөөрөгдөхөд нь тусална гэж Гаддафид амласан аж. Гэвч шүүх Саркозиг сонгуулийн сурталчилгааны хууль бус санхүүжилтээс ашиг хүртэгч гэдгийг батлах хангалттай нотлох баримт байхгүй гэж үзжээ. Мөн түүнийг 100 мянган еврогийн торгууль төлөхийг тушаасан байна.
Саркози 2012 оны сонгуульд ялагдсанаас хойш хэд хэдэн эрүүгийн хэргийн бай болж байна. Тухайлбал, түүнийг 2012 оны дахин сонгуулийн кампанит ажилдаа хэт их мөнгө зарцуулж, улмаар үүнийгээ нуун дарагдуулахын тулд PR компани хөлсөлсөн гэм буруутайд тооцсон шийдвэр 2024 оны хоёрдугаар сард гарсан. Саркози үүнийг эсэргүүцэн, давж заалдсан юм. Түүнд нэг жилийн хорих ял оноосон бөгөөд үүнээс зургаан сарыг нь түдгэлзүүлсэн байна. Дараа нь 2021 онд түүнийг 2014 онд шүүгчид авлига өгөхийг завдсан хэргээр буруутгажээ.