МАН-ын Бага хурал маргааш 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Хурлаар намын Их хурлын товыг хэлэлцэн тогтооно.
Эрх баригч нам болох МАН-ын долоодугаар бага хурал зургаадугаар сарын 9-нд болж, Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшлүүлснийг дэмжсэн шийдвэр гаргасан юм.
Энэ удаад тус намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшиж, намын их хурлын гишүүд сонголтоо хийнэ.
МАН-ын зургаадугаар бага хурал тавдугаар сарын 21-нд болж, АН-ыг гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан юм.
МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй, 284 гишүүн хуралд оролцвол ирц бүрдсэнд тооцож гаргасан шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болох юм. 479 гишүүнтэй байх шийдвэрийг тус намын Их хурлаас гаргадаг. Энэ тоо жил бүр өссөөр байна.
МАН-ын дараагийн дарга 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд намаа удирдан ажиллана.