МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны 11 гишүүний саналаар Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн байдаг.
Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр /2025.10.02/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-ын Хяналтын хороо Б.Энхбаяр гишүүнийг хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарна гэдгээ мэдэгдлээ.
Гишүүдийн төлөөлөл хэлэхдээ, “МАН-ын Хяналтын ерөнхий хороо шийдвэрээ эргэн хараасай гэж хүсч байна. МАН-ын дүрмээр намын гишүүн авлигын хэрэгт холбогдсон бол тухайн хэрэг хуулийн байгууллагаар тогтоогдсоны дараа намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх ёстой. Бидний хамгийн том дайсан бол авлигал.Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөж байгаа нь МАН авлигын эсрэг үйл хэргээсээ ухарч байгаа хэрэг болно. Бидэнтэй санал нэг байгаа олон гишүүн байгаа. Цаашид бидэнтэй нэгдэж санал бодлоо илэрхийлэх болов уу гэж бодож байна.
МАН-ын Хяналтын ерөнхий хороо нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж бодож байна. Намын дүрмээр намыг гишүүнийг түдгэлзүүлэх хэдхэн заалт бий. Гэтэл Б.Энхбаяр гишүүнийг аль заалтаар түдгэлзүүлж байгаа нь тодорхойгүй байна. Бид шударга ёсны төлөө дугарсан гишүүнээ намаас хөөсөөр байвал нам дотор дарангуйлал тогтох нь цаг хугацааны асуудал.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр МАН-ын нийт гишүүдийн саналыг төлөөлөхгүй” гэлээ.