Монгол Улсын Засгийн газраас улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын байгууллагад туулах чадвар сайтай, шуурхай албаны 12 автомашин, 2 ширхэг олон үйлдэлт “Боб кат” техник, 2 ширхэг гал унтраах мотоциклыг шийдвэрлэж, өнөөдөр /2025.10.09/ хүлээлгэн өглөө.
Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангалтыг 2021 онтой харьцуулахад:
-
Техник, тоног төхөөрөмжийн хангалт 31.5 хувиас 44.5 хувь,
-
Аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44.8 хувиас 63.6 хувь,
-
Тусгай зориулалтын хувцас хэрэгслийн хангалт 37.4 хувиас 62.4 хувь,
-
Гал унтраах зориулалтын багаж хэрэгслийн хангалт 38.9 хувиас 63.3 хувь,
-
Холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалт 20.2 хувиас 48.8 хувь болж тус тус өссөн байна.
Эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 42м урттай гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж байгаагаараа онцлогтой аж.
Цаашид Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь”, “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ