“Оюу толгой” компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудыг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд тус компанийн Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Ингэхдээ баривчилгаа үргэлжилнэ гэдгийг ч мэдээлсэн.
Тэгвэл Тагнуулын байгууллагаас хийх мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин нэр бүхий хүнийг яллагдагчаар татан, хорьсон аж.
Тодруулбал, “Оюу толгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболдыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дэх хэсэг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 18.6 дахь хэсэг “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ түүнийг “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ.
 
    






















































 
    

















