УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр УИХ-ын чуулганы ирэх Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэхээр болжээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3, замын татварыг тав дахин нэмэгдүүлсэн юм.
Энэхүү татварын нэмэгдлийг цуцлах саналыг өнгөрсөн гуравдугаар сард иргэн Э.Батбаяр гаргасныг 33 мянга гаруй иргэн дэмжиж, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн зургадугаар сард хэлэлцэж байсан юм.
Автотээврийн хэргслийн татвар болон зам ашигласны төлбөр дараах байдлаар нэмэгдсэн.
Албан татвар:
-
“Приус” 36.000-108.000,
-
“Лексус 570” 188.100-564.300,
-
“Портер” 30.000-75.000,
-
“Ланд Круйзер-200” 151.800-455.400 төгрөг болсон.
Зам ашигласны төлбөр:
-
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000-аас 100.000,
-
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000,
-
4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөгийн татвар төлж байна.












































































