Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ. Өмнөд Солонгост 120 мянган айл болон оффисын дотоод орчны бичлэгийг хакерджээ. Тэдгээр бичлэгийг худалдсан дөрвөн хүнийг баривчилсан байна.
Хакерууд бичлэгийг интернэтээс олж авчээ. Ээж аавууд хүүхдүүдээ, гэрийн тэжээмэл амьтнаа алсаас хянахын тулд гэртээ камер байршуулдаг. Мөн эдгээр нь хямд үнэтэй аж.
Хакерууд эмнэлгийн дотоод орчны бичлэгийг ч олж авсны дотор хүүхдээ төрүүлж буй эмэгтэйн бичлэг байжээ.
Өмнөд Солонгосын цагдаагийн газраас “Бидний баривчилсан дөрвөн сэжигтэн хамтран ажилладаггүй, бие биеэ мэддэггүй хүмүүс. Тэдний нэг нь 63 мянган камерын бичлэг олж аван, бэлгийн харилцааг харуулсан 545 бичлэгийг 12 мянган ам.доллараар худалдсаныг илрүүлсэн” гэжээ.
Бас нэг сэжигтэн 70 мянган камерын дүрснээс 648 бичлэгийг эвлүүлэн, хууль бус бичлэг худалдан авдаг сайтад зарсан байжээ. Одоо цагдаа нар тэр сайтыг хаахаар ажиллаж байна.
Тус сайтаас бичлэг худалдан авсан гурван хүнийг ч саатуулжээ. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цагдаа нар бичлэг нь задарсан иргэдтэй уулзан, хохирогч болсныг нь биечлэн очиж мэдэгдэж эхэлжээ. Мөн иргэдэд IP гэрийн камерынхаа нууц дугаарыг нэн даруй солихыг анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC









































































