\”УИХ-ын чуулган хаалттай хуралдана. Яагаад гэвэл
Өршөөлийн хуулийг хэлэлцэх гэж байгаа” гэх мэдээлэл цацагдах боллоо. Юу гэсэн
үг үү. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу хуулийн төслөө засварлаад оруулж
ирээд хэлэлцэхэд ард иргэдээс нуугаад байх зүйл юу байна вэ. Чуулганы нэгдсэн
хуралдааны өнөөдрийн хэлэлцэх 21 асуудал дотор \”Өршөөл үзүүлэх тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл багтжээ. Харин хуулийн төслийг
хэрхэн хэлэлцэхийг ард иргэд харж амжихгүй бололтой.
Ер нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу хуулийн
төслийг боловсруулж, батлахад толгой өвдөөд байх зүйлгүй. Гэтэл бүтэн сар
гаруйн хугацаанд гацааж, өнөөдөр хаалттайгаар хэлэлцэх гээд байгаагийн цаана
асуудал байна гэж хардахаас аргагүй хүргэж байна.
Өршөөлийн хуулийг анхныхаар нь буюу Ерөнхийлөгч хориг
тавихаас нь өмнөх загвараар батлуулах хүсэлтэй гишүүдийн нэг нь Р.Гончигдорж.
Тэрээр чуулган, байнгын хорооны хуралдаан бүр дээр \”Хуулийн төслийг дахин
хэлэлцэх шаардлагагүй, тоог нь үсгээр бичээд цааш нь явуул” гэсэн саналыг хэлж
байсан. Тэгвэл тэрээр хаалттай зарлагдсан чуулганыг даргалахаар болсон байх юм.
З.Энхболд дарга хаашаа явчихав. Яагаад ийм асуудлыг ашиг сонирхлын зөрчилтэй
хүн даргалаж шийдвэрлэх ёстой юм бэ. Бүтэн сар гацсан вм чинь УИХ-ын даргыг
иртэл хэд хоног хүлээж болдоггүй яачихсан хууль вэ. Ерөөсөө л авлига, албан
тушаалын хэрэгтнүүд өршөөгдөх нь тодорхой болчихлоо. Бүх нөхцөл бүрдчихээд
байна шүү дээ. Үүний дараа хууль, шударга ёс яриад яах юм бэ. Уг нь АН-ын
бүлэг, УИХ дахь Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч,
авлига албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй хэмээн зарласан. МАН-ын бүлгийн
зүгээс ч ийм байр суурьтай байгаа. Гэвч хаалттай хаалганы цаана тэдний шийдвэр
яаж ч өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Хэрвээ хуулийг хууль санаачлагчийн оруулснаар
батлахгүй бол \”но”-г чинь хэлнэ шүү хэмээн зарим гишүүд АН-ынхныг дарамтлаад
эхэлчихсэн байдаг. Эндээс ямар үр дүн гарах вэ. Ер нь өршөөлийн хуулиас бид
шударга ёс хүлээгээд хэрэггүй юм биш үү. Ингээд Н.Энхбаяртангуудаас эхлээд л энхийн
цагаан тагтаа болцгоох нь дээ.
А.Аюуш