АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Арванхоёрдугаар сард манай улс ОХУ-аас 83 мянган тонн шатахуун импортлох юм байна. Мөн БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун худалдан авна. Иймд энэ сард багтаан захиалсан тоо хэмжээгээр шатахуун импортлох тул нийлүүлэлт хэвийн болно.
-12-р сар гарснаас хойш шатахууны доголдол үүссэн шалтгаан нь юу вэ?
-Арванхоёрдугаар сарын эхний хоногуудад үйлдвэрээс ачилт хийдэг. Үүн дээр дотоодын хангалт дээр асуудал гарсан юм уу, нийлүүлэх ёстой хувь хэмжээнээс бага зэрэг буурсан. ОХУ-аас ачсан бүтээгдэхүүн Монгол Улсад долоо хонож ирдэг. Энэ хооронд зарим шатахуун түгээх станцад бүтээгдэхүүн байхгүй, дараалал үүсээд байна. Орон нутагт Өмнөговь аймаг, Эрдэнэт хотод нэлээн дараалалтай байна.
Миний харж байгаагаар аж ахуйн нэгжүүд санаатайгаар зохиомол хомсдол үүсгээгүй. Зарим шатахуун түгээх станцын түгээгч нар хуваарилалт хийдэг юм байна. Тиймээс шатахуун түгээх станцууд ачаалалтай үед хуваарилалт хийхгүйгээр ажиллах шаардлага тавьж байна.
Бид арванхоёрдугаар сарын эхээр нөөц үүсгэхүйц илүү их хэмжээгээр ачиж чадаагүй. Гэхдээ захиалгатай уялдуулан харвал энэ сардаа үлдсэн бүтээгдэхүүнээ шахаж илүү их хэмжээгээр нийлүүлэх ёстой гэлээ.











































































