АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д зорчихыг хориглосон орнуудын жагсаалтад дахин таван улсыг нэмж, Палестины захиргаанаас олгосон бичиг баримттай зорчигчдыг АНУ-д нэвтрэхийг хориглолоо.
Цагаан ордон үүнийг “АНУ-ын аюулгүй байдлыг хамгаалах зорилготой” гэж тайлбарласан бөгөөд хориг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих аж.
Жагсаалтад шинээр нэмсэн улсууд нь Буркина-Фасо, Мали, Нижер, Өмнөд Судан, Сири юм.
Түүнчлэн өмнө нь хэсэгчилсэн хоригт багтаад байсан Лаос, Сьерра Леон улсыг бүрэн хоригт шилжүүлж, Нигери, Танзани, Зимбабве зэрэг 15 улсад хэсэгчилсэн хязгаарлалт тогтоожээ.
Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш цагаачлалын бодлогыг чангатгасан Трампын засаг захиргаа уг хоригийг гадаад орнуудын шалгалт, хяналтын тогтолцооны доголдолтой холбон тайлбарласан байна.
Албаны эх сурвалжууд визийн хугацаа хэтрүүлэлт, иргэний бүртгэлийн найдвартай бус байдал, авлига, террорист үйл ажиллагаа, албадан буцаах хамтын ажиллагаа дутмаг байгааг онцлов.
Цагаан ордон уг хориг нь холбогдох орнууд иргэний үнэмлэх олголт, мэдээлэл солилцоо, АНУ-ын цагаачлалын байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр “итгэл төрүүлэхүйц ахиц” гаргах хүртэл хүчинтэй хэвээр байна гэж мэдэгдсэн.
Бүрэн хоригт хамрагдсан улсууд:
Афганистан, Буркина-Фасо, Мьянмар, Чад, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Лаос, Ливи, Мали, Нижер, Бүгд Найрамдах Конго Улс, Сьерра Леон, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Йемен мөн Палестины захиргаанаас олгосон эсвэл баталгаажуулсан зорчих бичиг баримттай хүмүүс
Хэсэгчилсэн хоригт хамрагдсан улсууд:
Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бурунди, Кот д’Ивуар, Куба, Доминик, Габон, Гамби, Малави, Мавритани, Нигери, Сенегал, Танзани, Того, Тонга, Венесуэл, Замби, Зимбабве
Эх сурвалж: ВВС











































































