Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн:
– Бид архи, тамхины хэрэглээг багасгах шаардлагатай нь үнэн. Хаана, ямар байршилд зарахыг нь хуульчлаад багагүй үр дүн гарсан. Гэхдээ сүүлийн үед архи, тамхины хэрэглээний эсрэг л “ноцолддог” боллоо. Тамхины үнийг нэмээд хэрэглээг нь багасгана гэвэл худлаа. Нэг үеэ бодоход бид архины градусыг бага багаар буулгах зарчмаар явж байгаа. Хэрэв үнийг нь нэмж хориглох арга хэрэглэвэл үүний оронд хар тамхи орж ирэх гээд байгаа юм шиг санагдаад байгаа шүү. Энэ чиглэлд “довтолдгоо” багасгамаар санагдаж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
– Таны хөндөж байгаа асуудал зөв. Гэхдээ татварын бодлогоор тамхийг үнэтэй болгож байж нэгдүгээрт өсвөр насны хүүхдүүд амар хялбар худалдаж авдгийг зогсоох, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, тамхины татвараас бүрдэх тусгай санг байгуулж, мэдээ мэдээллээр хангах бодлогыг авч хэрэгжүүлдэг. Евроазийн хуулийг баталснаар гаалиар оруулж ирж байгаа тамхи, тамхин бүтээгдэхүүний татварыг мөн тэглэж байгаагаа бид үл анзаарсан байна. Энэ бол буруу гэдгийг О.Номинчимэг гишүүн хэлж байсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар завсар үүсгэж болохгүй. Татваргүйгээр тамхи оруулж ирж болохгүй, импортлогчид нөөцлөх эрсдэлтэй. Иймээс хэлэлцээр давсан тогтоол гаргах шаардлагатай байна.










































































