Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн өнөөдөр /2025.12.22/-ийн хуралдаанаар хагас коксон түлшинд шилжих талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж байна.
Энэ үеэр агаарын бохирдлын гол үзүүлэлтэд ямар өөрчлөлт гарсан талаар Цаг уур орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат мэдээлэл өглөө.
Тэрээр, “Манай байгууллага агаарын чанарын стандарттай харьцуулсан судалгааны баримт, тооцооллыг хийсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой үзүүлэлтүүдийн хувьд сайжрал ажиглагдаж байна. Тухайлбал, PM10, PM2.5 тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг үзүүлэлтүүд тодорхой хэмжээгээр буурсан дүнтэй гарлаа. Мөн Агаарын чанарын индексээр (АЧИ) давхар мэдээлэл гаргаж байгаа.
Нисэх орчмын хэмжилтийн цэгийн хувьд сүүлийн долоо хоногийн турш цэвэр, хэвийн гэсэн ангилалд багтсан үзүүлэлттэй байна. Харин бусад хэмжилтийн цэгүүд болох 100 айл, Хайлааст, Амгалан, Баруун 4 зам, 1 дүгээр хороолол, Цахилгаан станц, Шар хад орчимд бага бохирдолтой, бохирдолтой гэсэн үзүүлэлтүүд бүртгэгдсэн бол Баянхошуу орчимд маш их бохирдолтой гэсэн ангилалд орсон статистик тоон мэдээ гарсан.
Сарын дундаж үзүүлэлтийг авч үзэхэд арванхоёрдугаар сар бүрэн дуусаагүй байгаа хэдий ч арванхоёрдугаар сарын 1-21-ний хоорондох өгөгдлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан тооцоолсон. Үүнд:
Азотын давхар исэл: Өнгөрсөн оны мөн үед 59 микрограмм/ метр.куб байсан бол энэ онд 58 микрограмм/ метр.куб болж, 1 микрограмм/метр.куб буюу ойролцоогоор 2 хувиар буурсан.
Хүхэрлэг хий: Өнгөрсөн онд 108 микрограмм/ метр.куб байсан бол энэ онд 49 микрограмм/ метр.куб болж, 59 микрограмм метр.куб буюу 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
PM2.5 тоосонцор: Өнгөрсөн онд 104 микрограмм/метр.куб байсан бол энэ онд 78 микрограмм/метр.куб болж, 26 микрограмм/ метр.куб буюу 25 хувиар буурсан.
PM10 тоосонцор: Мөн 29 микрограмм/ метр.куб буюу ойролцоогоор 22 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.
Ерөнхийд нь дүгнэвэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын гол үзүүлэлтүүд 2-55 хувь хүртэл буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна” гэлээ.









































































