Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйтэй ярилцлаа. Тэрээр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. Бичин жилтэй. 1984 онд яруу найргийн “Ялалтын симфони” номноос авахуулаад уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”, Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Николай Рерихийн “Азийн зүрх”, Н.Пржевальскийн “Монгол, тангад нутгаар”, М.Торновскийн “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ”, Сергей Есениний “Сонгомол шүлгүүд”, В.Высоцкийн “Бухимдал”, Оросын хамгийн тэрслүү үзэлт яруу найрагч Евгений Евтушенкогийн задгай сэтгэлгээг монгол хэлнээ буулгаж чадсан манай үеийн билэг танхай орчуулагчдын нэг билээ.
Энэ удаад түүний 2000 онд орчуулагдан одоог хүртэл зургаан удаа хэвлэгдсэн “Хүн, араатан, бурхад” номоос нь иш аван Шамбалын орны тухай болон дэлхий ертөнцийн тайлагдашгүй нууцуудын талаар хөөрөлдлөө.
-ТА ХЭДИЙНЭЭС ДАЛД ЕРТӨНЦИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦЫН ТАЛААР СОНИРХОЖ, ЭДГЭЭРТЭЙ ХОЛБООТОЙ НОМ ТОВХИМЛУУДЫГ УНШИЖ ЭХЭЛСЭН БЭ?
Бурхан шашны ном үзсэн настай хүмүүсийн дэргэд байсан хүүхдүүд хар багаасаа нөгөө ертөнцийн талаар мэддэг болчихсон байдаг. Гэхдээ тэр үед нөгөө ертөнц гэж ярьдаггүй байсан. Тэнгэрээс харж байна гэхчлэн ярина. Нэг хэсэг тоохгүй, нөгөө хэсэг нь ямар сонин юм бэ гэж хүлээж авч байлаа. Шамбалын ертөнц, дээд оюун ухааны тухай анхны учирсан ном бол яах аргагүй Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” юм. 1998 онд Б.Цэнддоо надад олж өгөөд бид үүнийг “Үг” сонинд байхдаа орчуулж тавих гээд чадаагүй юм. Дэндүү уран үгтэй учраас тэгсхийгээд орхичихсон. Тэгээд нэг шөнө сууж уншаад тэр шөнөдөө зүүдэлж хоноод, ямар сайхан Монголд хайртай хүн бэ, ямар сайхан найруулгатай ном бэ гэж биширсэн. Монголд ирээд Ф.Оссендовски Богд хаан, Нарванчин гэгээн, Жа лам гээд маш олон хувилгаадтай уулзсан байдаг. Энэ номыг бичсэний дараа түүнийг Европод ХХ зууны Марко Поло гэж нэрлэх болсон. Эхлээд номоо англиар бичсэн. 1922 оны есдүгээр сараас эхлээд сардаа хоёр удаа Америкт хэвлүүлсэн байдаг. Анхны хэвлэгдсэн англи хэл дээрх номыг нь би өндөр үнээр олж авсан. Манай Монголын Үндэсний номын санд ч бий. “Нийтэд уншуулахыг хориглоно” гээд биччихсэн тамгатай байсан. Тэр хэсгийг нь 1990 оноос хойш зүсээд авчихсан байдаг юм.
Ф.Оссенодвски 1905 оны хувьсгалын дараа Орост сурч байхдаа улсын чанартай утга зохиолын уралдаанд оролцож туужаараа нэгдүгээр байр эзэлж явсан байдаг. “Хүн, араатан, бурхад” номоо польш руу, орос руу орчуулсан мундаг боловсролтой хүн. 1925 онд анх удаа Эстонд орос хэл дээр хэвлэгдсэн. Энэ номыг уншсанаас хойш юм бүхэн мухар сүсэг биш юм байна гэж сонирхох болсон. Дараа нь Прежвальскийн 1870 онд Монголоор дайраад урагшаа гарсан аян замын тэмдэглэлүүд, Николай Рерихийн 1924 онд Монголоор явахдаа хийсэн тэмдэглэлүүдийг сонирхсон. Эдгээр хүмүүс дандаа хүн төрөлхтний эртний домог түүхүүдэд дурдагдсанаар шамбалын орон байж магадгүй гэсэн газруудаар явсан байдаг.
-ШАМБАЛЫН ОРНОО ЭДГЭЭР ХҮМҮҮС ОЛСОН БОЛОВ УУ?
-Ер нь дэлхийн нөгөө ертөнцийн тайлагдашгүй нууц, шамбалын талаар судалдаг хүмүүс болох Э.Мулдашев, Елена Блаватская /Дэлхийн анхны тайлагдашгүй нууцыг тайлахыг оролдсон, сүнс судлалын нийгэмлэгийг Орост анх байгуулсан эмэгтэй/ нарын тооцоолсноор дэлхийд таван хаалга байна гэж үздэг. Латин Амеркаас саяхан шамбалын хаалга гэж болохоор хоёр тэнгисийн доогуур явсан хоолой олдлоо гэж оросын телевизээр ярьж байна билээ. Үүнийг дээр үед харь гаригийнхан хийсэн юм уу, аль эсвэл шамбалын оронд хүрэх гүүр юм уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Өөр ертөнцөөс ирсэн зочдын мөртэй шамбалын орон нь дандаа холбогдож байдаг.
-ШАМБАЛ ГЭДЭГТ АТЛАНТИДА ХЭМЭЭХ ӨНДӨР СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ ХОТЫН ИРГЭД ГАЛАВ ЮҮЛЭХЭД ГАЗАР ДООГУУР ОРЖ, ОДОО Ч ТЭНДЭЭ АМЬДАРЧ БАЙДАГ ТУХАЙ ДОМГИЙГ ОРУУЛЖ ОЙЛГОЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?
-Түүнтэй холбож болох юм. Бермудын гурвалжин гэж байна. Тэнд яахаараа хөлөг онгоцууд живээд байна, дээгүүр нь нисч явсан онгоцууд яагаад алга болоод байна, гэв гэнэт яагаад далай дороос хурц гэрэл тусдгийг эрдэмтэд нотолчихоод байна. Түүний дор нөгөө Атлантида хот чинь байгаа юм биш биз.
Шамбалын таван хаалганы нэг нь Монголд байгаа гэж олон эрдэмтэд батлахаар барахгүй Өмнөговийн Гурвантэс суманд байдаг Хэрмэн цав гэж тогтоогоод байгаа. Орчин үед янз бүрийн багаж төхөөрөмж ашиглаж байна. 1890 онд Оссендовскид Нарванчин хийдийн хамба лам “Шамбалын эзэн хаан гэнэт л газар дороос гараад ирсэн” гэж ярьсан байдаг.
Гэхдээ миний судална гэж юу байхав, элдэв дээдийн юмыг шохоорхож үздэг хүний хувьд цуглуулж хэлээд барахгүй, цухалж хэлээд дуусахгүй тийм их байна шүү гэдгийг л хойч үедээ сануулж байгаа хэрэг юм. Хүн төрөлхтний материаллаг, биет оюуны соёлын дурсгалууд дээр ч зөндөө юм бий. Тэр талаар Э.Мулдашев нарийн ширийнийг нь өөрийн номууддаа бичсэн байдаг.
-ОРОСЫН ЭРДЭМТЭН Э.МУЛДАШЕВ 2006 ОНД МОНГОЛД ИРЭХДЭЭ ХОВД АЙМГИЙН ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙД ОЧИЖ ҮЗЭЭД, ХАЙСАН ЗҮЙЛЭЭ ОЛЛОО ГЭЖ ХЭЛСЭН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ, ЮУ ХАЙЖ ЯВСАН ЮМ БОЛ?
-Тийм. Би ч бас сая яваад ирлээ. Тэр сайхан юмнууд нь мань мэтийн тайлбарлагчгүй очсон хүмүүст олдохоо байж. Мэддэг хүмүүс бол сайн гар чийдэнтэй очоод энүүхэнд тийм зураг байгаа гээд явбал олдох байх. Одоо бол шувууны сангасанд дарагдчихсан байна. Аялал жуулчлал Монголын хөгжлийн түлхүүр гээд л яриад байдаг. Гэтэл тийшээ очих зам заасан юм байхгүй, очих зам маш муу. Очсон хойноо над шиг зүрх муутай, хөл муутай хүн дээшээ мацна гэдэг хэцүү. Би солиотой тулдаа л бараг эгц шахуу 200 метрийн өндөр хад руу гарсан. Дэлхийд байхгүй зургууд тэнд байдаг гэж байгаа. Дээхэн үед чулуун шат шиг юм зассан байна. Гэхдээ дүүжин шат энэ тэр хийгээд хүн үзэхээр болгож болно доо. Аль 1996 онд Юнескод бүртгүүлсэн гэж байгаа. Одоо гэтэл тийм л юм байна.
-ТЭР АГУЙД ЗУРАГ АВАХАД ОЛОН ТООНЫ ӨНГӨ ӨНГИЙН БӨМБӨЛГҮҮД Э.МУЛДАШЕВИЙН ХАЛЬСАН ДЭЭР БУУСАН ГЭСЭН. ТЭРИЙГ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БОЛОХ ВЭ?
-Дээр үеийн бурхдын толгойг тойруулаад дугуй хүрээнүүд байдаг. Түүнийг аура гэж хэлж болно. Тэр нь хэчнээн сайн байх тусам нөгөө ертөнцтэй илүү холбогддог гэж байгаа. Ямар ч байсан хүн төрөлхтний оюуны сан гэж юм хаа нэгтээ хадгалагддаг байх нь. Тэр нь материаллаг биш, барьж тавьж болохгүй, үзэж харж болдоггүй. Ф.Оссендовски түүнийг барин тавин бичсэн байдаг. Олон хонгил агуйгаар ганцхан дугуйтай жирийлгэж явдаг гэх мэтчилэн. Бид дээшээ хэчнээн зуун мянган км судалж саран дээр хүн буулгаж, сар хөндий, сарны сүүдэр талд харь гаригийнхны хөлгийн буудал байна гэж тогтоогоод байгаа мөртлөө доошоогоо судалж чадаагүй байна. Усан доорхыгоо судалж чадаагүй. Тухайлбал, Монголд усны бух гээд нэг амьтны тухай ярьдаг. Швейцарьт ч тийм амьтан байдаг. Энэ бүхэн чинь бүгдээрээ хоорондоо холбогддог юм. Чили улсын эрэг дээр олон тооны нүхнүүд байдаг аж. Тэгэхээр дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд нь оршиж байгаа газар яг ийм нүхнүүд байх ёстой гээд хайгаад ирсэн юм билээ. Гэтэл тэр нүхнүүд нь Монголд үнэхээр байж байсан.
– “ХҮН АРААТАН БУРХАД” НОМОНД ЧИНГИСИЙН ХАР ЧУЛУУНЫ ТАЛААР ГАРДАГ. ЧИНГИС ХААН ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН НЬ ЕР БУСЫН ХҮЧТЭЙ ТЭР ЧУЛУУГ ЭЗЭМШИЖ БАЙСАНТАЙ ХОЛБООТОЙ ГЭЖЭЭ. ҮНЭХЭЭР ИЙМ ЧУЛУУ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ?
-Огторгуй сансраас ирж байгаа аливаа юм гайхалтай эрчим хүчээр бүрэлдэн тогтсон байдаг. Тийм чулууны нэг хэсэг нь Монголд байсан учраас нэг хэсэг мандан бадарч явсан юм биш биз дээ гэж ярьдаг. Анхны Богдод тэр чулуу бас байсан юм шиг байгаа юм. 1920 оны үед Монголоос тэр чулууг хулгайлаад аваад явчихсан гэж Ф.Оссендовскид ярьсан байдаг. Тэгэхээр тийм чулуу байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад И.Сталин, А.Гитлер нар Төвд рүү хэд хэдэн экспедиц явуулсан бэ. И.Сталин хамгийн анхны экспедицийг Н.Рерихээр толгойлуулж явуулсан. А.Гитлер Төвд рүү дөрвөн экспедиц явуулсан. Бүгд л тэр нууцыг олох гэж тэр. Хамгийн сүүлд экспедицийн нэг гишүүн нь Гималайн ууланд төөрч тэндээ байж байгаад наян хэдэн онд Энэтхэг рүү ирсэн хойноо дайн дууссан гэдгийг мэдсэн байдаг.
Энэ талаар бичсэн зүйлс гадаад хэл дээр зөндөө байна. Тэр байтугай Барон Унгернийг Шамбалтай холбоод хэд хэдэн кино хийчихсэн байна. Барон Унгерн яахаараа монголын шашинтай холбогдоод байсан бэ гээд ухаад үзвэл зөндөө юм бий. Үгүй ядаж л Нарванчин гэгээний Ф.Оссендовскид өгсөн бөгж хаана байна. Тэрийг судалдаг хүн байхгүй болчихоод байна. Саяхан Хэнтийн Норовлингоос таван сая жилийн настай чулуужсан гавал олдсон. Түүнийг ёс журмын дагуу тахиж чадвал дийлдэшгүй болно гэж ярьдаг шүү дээ.
Хэрвээ тэр Чингисийн хар чулууг авсан улс хэнд ч дийлддэггүй юм бол одоо ямар улс дэлхийд ноёлоод байна вэ гэж бодъё. /Гэхдээ бид хоёрын энэ яриа бол дэмийрэл юм шүү. Чи энийг заавал оруулаарай. Зүгээр л хойч үеийн залуусдаа ийм юм байдаг юм шүү гэдгийг таниулж, гадаад хэл ус сайтай бол цааш нь дэлгэрүүлж судлаасай л гэж хүсч байгаа юм шүү гээд яриагаа үргэлжлүүлэв/.
Би бодохдоо Япон шиг дэлхийн хоёрдугаар дайнд ялагдчихаад, хоёр хотоо тамын галд авахуулчихаад гэнэт сэвхийгээд босоод ирсэн үндэстэн өөр хаана байна вэ, Япон хулгайлаад аваад явчихсан юм биш биз дээ, Данзанравжаагийн дэргэд ямар учиртай япон ирж сууж байсан юм бэ. Хамрын хийдэд тарьсан олон сакураг япон шавь нь авчирч тарьж өгсөн гэж ярьдаг. Тэр шавийнх нь Данзанравжаад бэлэглэсэн зангидчихсан сэлэм нь одоог хүртэл Дорноговийн музейд байгаа шүү дээ. Тиймэрхүү нэг нөхөр хулгайлж аваачаад Япондоо өгчихсөн ч юм билүү…/инээв/. Энэ чинь ердөө л дэмийрэл юм. Гэхдээ дэмийрэл буюу таамаглалаас ямар нэг юмыг судлах зам нээгддэг юм шүү.
-ТӨВДИЙН ӨНДӨР УУЛЫН ОРОЙД ЕСӨН ЧУЛУУ БАЙДАГ. НЭГ ЧУЛУУ НЬ ДУТУУ БАЙГАА УЧИР ТҮҮНТЭЙГЭЭ ХОЛБОГДОЖ ГЭРЭЛ ЦАЦРУУЛДАГ ТАЛААР Э.МУЛДАШЕВИЙН НОМОН ДЭЭР БИЧСЭН БАЙДАГ. ТЭР НЭГ ЧУЛУУ НЬ Ч ЮМ БОЛОВ УУ?
-Төвдөд Кайлас гэж ариун уул бий. Тэр жил Үндэсний шинэ намаас М.Энхсайхан, М.Сономпил нар анх удаа Монголоос очиж тэр уулын горооны замаар явсан гэдэг. Төвдүүд өөрсдөө тийшээ гадны хүн явуулдаггүй, цул чулуун уул байдаг гэж байгаа. Хар чулуунаас гадна Буддагийн барьж байсан хар аяга гэж байна. Чингисийн хар чулуунаас дутуугүй чадалтай. Николай Рерихийн “Азийн зүрх” гэж номон дээр тэр тухай бий. Хоол хийхэд дундардаггүй гэх мэтчилэн.
-ТА “ХҮН АРААТАН БУРХАД” НОМОНДОО ЖА ЛАМЫГ ХАР ХУЛЫН ХУВИЛГААН ГЭЖ БИЧСЭН БАЙНА БИЛЭЭ. ХАР ХУЛ ГЭЖ ЯМАР АМЬТНЫГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?
-Дээр үеийн Рафаэль нарын уран зурагт ч байдаг домгийн амьтан шүү дээ. Кентавр гэж нэрлэгддэг, адуун биетэй хүн толгойтой амьтан. Жа лам бол энгийн хүн байгаагүй нь ойлгомжтой. Түүний талаар Ф.Оссендовски хүний цээжийг яраад элэг уушгийг нь базаад ямар ч шарх сорвигүй хормын дотор эдгээчихдэг, гамингуудын зүрхийг амьдаар нь сугалж цусаар нь тугаа тахидаг догшин хувилгаан гэж бичсэн байдаг. Сүүлийн үеийн зохиолуудад Жа ламын жинхэнэ далд нууц увидсыг нь гаргаагүй, харгис догшин талаас нь их гаргаж байна. Зөн билгийн талаас нь бичих учиртай юм. Мөн түүхийн номноос нэг их зөрөхгүй үйл явдалтай номууд их төрж байна. Ямар ч уран сэтгэмж байхгүй утга зохиол бичиж байна. Гүр.Нямдорж гээд Хөвсгөлийн гайхалтай зөнтэй бичдэг зохиолч байлаа. Хөөрхий минь даанч 42 хон насандаа хорвоогоос хальж өөрийн гэсэн шавьтай ч болж амжсангүй явчихлаа. Түүн шиг уран яруу бичдэг хүн төрөхгүй байна. Дамдины Жамъяан гэж зөн билгийн роман бичдэг зохиолч байна. Тэр хүн дэлхий даяараа Чингис хааныг алгандаа нөж атгаж төрснийг дайнч байлдаанч, сүйтгэгч, тонуулчин байсан гэж бичиж байхад Чингис хааны алганд нь гурав дахь мэлмий нь байсан гэж бичиж байгаа юм. Үүнийг л зөн билгээрээ тайлбарлах гээд байгаа юм.
-Ф.ОССЕНДОВСКИЙН “ХҮН, АРААТАН, БУРХАД” НОМОН ДЭЭР БАРОН УНГЕРНЫ ТУХАЙ ИХ ӨГҮҮЛДЭГ. ТЭРЭЭР ӨРНИЙН БҮХ ГҮН УХААНЫ НОМУУДЫГ УНШСАН СҮСЭГ БИШРЭЛТЭЙ ХҮН БАЙЖ ЯАГААД ГЭНЭТ БОГД ХААНЫГ ТЭГТЛЭЭ ИХ ХҮНДЛЭН БИШРЭХ БОЛОВ?
-Ер нь хүн ертөнцийн наад цаадхыг эргэцүүлээд ирэхээр Буддын шашин руу ханддаг. Ухаан нь төгс төгөлдөр жагсаад ирэхээр ямар ч хүн энэ шашин руу ханддаг. Үүний тоонд Эйнштейнийг оруулж болно. Түүнийг 45 хоног хаашаа алга болчихсоныг нь хэн ч мэддэггүй. Зарим нь гурван жил ч гэж ярьдаг. Тэгээд эргэж ирээд харьцангуй онолынхоо задаргаа руу идэвхтэй орсон гэж байгаа.
Тэгэхээр Барон Унгерний хувьд Энэтхэгийн далайд явсан өвөг эцгийнхээ нөлөөгөөр Буддын шашинд орсон гэж үздэг. Гэхдээ юм үзээд байхад тийм биш байна. Тэрээр хойд эцэгтэй хүн. Тэр эцгийнх нь ах нь юм уу дүү нь болох К.Маннергейм гэж Финляндын тусгаар тогтнолыг тогтоосон, хаант Оросын генерал хүн Узбекийн нийслэл Ташкентаас Бээжин хүртэл 8000 км морин аялал хийсэн байдаг. Хаант Оросоос зугтвал Төвд юм уу Монгол руу газар орон ямар байна гэж судлахаар явж байгаа нь тэр.
Карл Густав Маннергейм бол их мундаг хүн. Улаан талбайд цагаан морьтой хоёрхон хүн л орсон байдаг. Нэг нь Г.К.Жуков жанжин нөгөө нь К.Маннергейм. Цагаан морь унаад парад хүлээж авна гэдэг чинь жинхэнэ Чингис хааны дайтай хүн л хийх ажил. Тэр нөхөр 1909 онд Бээжинд оччихоод Буддын шашинг судалж эхэлжээ. Тэгээд Далай лам гэдэг чинь одоо хаана байгаа юм бэ гэж Хятадуудаас асуухад “Монголд оччихоод ирэхгүй байгаа юм. Тэр муу бадарчинг авчирна” гэж тэд ярьж л дээ. Тэгэхээр нь “Тэгвэл би очоод уулзчихъя” гээд наашаа явсаар байтал нь Далай лам урагшаа гараад явчихаж. Тэгээд Утай Гүмбэнд байхад нь уулзаж зургаа авахуулсан байдаг. Тэр үедээ Далай ламаас шүншиг хүртсэн ч байж магадгүй. Миний орчуулсан “Агуу их босуул” гэж номон дээр 13-р Далай лам 1903-1904 онд Монголд байсан тухай байж байгаа.
1940 онд улаан Оросууд хойшоо Балтын тэнгисээр Финляндыг эзлэн авна гэж айхтар дайн хийгээд ялагдсан байдаг. К.Маннергеймийн шугам гэж 40 гаруй км бэхлэлтийн шугам одоо ч байна. Өөрөөр хэлбэл Барон Унгернийхан чинь угийн дайнч удмын хүмүүс. Барон Унгерн бол харанхуй Монголыг гийгүүлээд өнгөрсөн сүүлт од л байсан байхгүй юу. Тэрээр Байгал нуурын хойноос улаантнуудтай тулалдах гэж арми бүрдүүлээд явж байтал морин дивиз явах ямар ч замгүй учир газрын зураг үзсээр байгаад Монголын нутгаар ороод Эрхүү рүү оръё гэсэн тооцоотой анх Монголд ирсэн байгаа юм. Тэгээд ороод ирэнгүүт нь Монголчууд тосож уулзсан. Манай хошууны ноён бол урдаас нь байлдсан. Хаант Оросын хурдан буутай байнгын армийн дивизийн өмнөөс цахиур буутай хэдэн залуучууд буудалцаж байсан гээд бод л доо. Энэ явдал одоогийн Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт болсон.
Барон Унгерний өмнөөс мөн “Гамин цэргүүд биднийг шоронд хийчихээд байна. Түүнийг чөлөөлж өгөөч” гэж Оросууд тосож очсон байдаг. Мөн Богд хааныг чөлөөлж өгөөч гэж түүний элч нь очиж. Яагаад түүнийг ирж байна гэдгийг бүгд мэдсэн бэ гэхээр Барон Унгерн маш соёлтой, боловсролтой хүн байсан учир Богд хаанд “Танай нийслэлээр дайраад хойшоо гарахыг зөвшөөрнө үү” гэж бичиг явуулсан байгаа юм. Түүнийг гэзэгт лам тосож уулзсан байдаг.
Нийслэлд бүгээд байсан 18 мянган гамингийн ихэнхийг Барон Унгерн устгасан. Д.Сүхбаатарын журамт цэрэг, улаан цэрэг нийлж Хиагтад байсан цөөн тооны гаминг устгасан юм билээ. Тэндээс 7000 гамин зугтаж явахад нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Барон Унгерн, генерал Резухин хоёр тосч очин бут цохисон. Социализмын үеийн түүхэнд бичдэг шиг Бароны цэрэг Зулзагын голд бут цохигдоогүй. Мөн Нийслэл хүрээг ардын журамт цэрэг чөлөөлсөн ч юм биш. Тэд хоосон байсан хотыг хэнээс чөлөөлөх юм. Хүрээнд зүгээр л орж ирсэн гэж бичсэн байдаг. Түүнээс биш эзэлсэн, чөлөөлсөн гээгүй. Мөн Барон Унгерн Монголоос дайны хөлийг зайлуулсан. Түүний удирдлага дор байсан хурандаа Хоботов, Кастерн, Торновский нарын гавьяаг эргэн санах хэрэгтэй. Тэд бүх их буугаа хавцал руу унагаж, пулёмётоо эвдлээд, тууж явсан үхэр, хонио нядалж шуузлан богцлоод хоёр цэрэг дундаа нэг хөтөлгөө морьтойгоор гарч давхиад Буйр нуур хүрсэн байдаг. Ингэж явахдаа Барон Унгерний цэрэг ганцхан удаа тулалдсан. Д.Сүхбаатар өөрөө цэргүүдтэйгээ араас нь нэхэж очин тулалдсан. Гэтэл Бароныхон байлдахгүй гээд шөнө нь Хэнтийн Биндэрийн нэг ламаар газарчлуулаад алга болсон юм билээ. Гэтэл өнөөдөр Монголын түүхэнд Бароны үлдэгдлийг Мөнгөнморьтын Зүүн Бүрхэд бут цохилоо гээд дурсгалын самбар босгочихсон байгаа. Ингэж болохгүй шүү дээ.
Нуусан юм хүмүүст их амттай байдаг. Нүгэлтэй юм амттай гэдэг шиг. Намайг ингээд бичээд эхлэхээр хүмүүс санаа аваад эхэлдэг. Барон Унгерний талаар түүхэнд ийм цагаан толбо байна шүү гэж хэлээд эхлэхээр ард түмэн их сонирхдог. Баабарын “Нүүдэл Суудал” романыг уншаад үзээрэй. Анхныхаа хувилбар дээр “Цуст Барон”, “Алуурчин Барон”, “Галзуу Барон” гэж бичиж байсан бол миний ном гарсны дараа Богд хаант Монгол Улсын хоёр удаагийн баатар Барон Унгерн гээд засаад эхэлж байгаа юм. Ухаантай хүний хийдэг ажил байхгүй юу тэр чинь.
Би “Хүн араатан бурхад”-ын дараа М.Торновскийн “Монголчуудтайгаа би Лиссабон ч хүрнэ” гэж номыг орчуулсан. Энэ номондоо Богд хаан Барон Унгернд Дархан Чин Ван хошууч цол өгсөн зарлигийг оруулсан. Анх удаа архиваас гаргаж салхи үзүүлээд архивийн кодтой нь тависан. Хэдийгээр орчуулгын юмны дотуур юм хийх нь онц биш байдаг ч Монголын түүхийг л бичиж байгаа болохоор М.Торновский гэдэг хүний 1940 онд биччихсэн дурсамжийг орчуулахдаа “Үүний тухай яриад байна шүү” гэж дандаа тодотгол болгон оруулж өгсөн. Тэгсэн чинь миний скайнердаад тавьчихсан Богд хааны зарлигийг үзээд л бусад хүмүүс судалж эхэлсэн.
-ӨМНӨ НЬ ЯАГААД ТҮҮХЧ, ЭРДЭМТЭД ҮЗЭЖ, СУДЛААГҮЙ БАЙСАН ЮМ БОЛ?
-Ардчилал яагаад Монголд хөгжихгүй байна гэхээр бид сэтгэлгээгээ солихгүй байгаа юм шүү дээ. Тэд ч гэсэн хуучин коммунист сэтгэлгээгээрээ л яваад байгаа байхгүй юу. Хуучирсан арга барилаараа шинжлэх ухаанд ч хандаж байна, уран бүтээлд ч хандаж байна. Энэ нь нэг хэвийн, хүрээнд захирагддаг хөлдүү сэтгэлгээг хэлээд байгаа юм. Монголчууд яагаад хөгжихгүй байна гэхээр монгол ахуйгаа монгол сэтгэхүй дээр тулгуурласан оюун ухаанаар хөгжүүлж чадахгүй байна. Монгол сэтгэхүй дээр тулгуурласан оюун ухаанаа хөгжүүлж чадвал Монгол хөгжинө. Чингис хаан ч монгол сэтгэхүй, энэрэнгүй үзлийн талаар ярьж л байсан. Буддын шашин ч энэрэнгүй үзлийн шашин шүү дээ. Нэгдүгээрт энэрэнгүй үзлийн, хоёрдугаарт шинжлэх ухаанч шашин.
-1932 ОНД СОЦИАЛИЗМЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЛАМ НАРЫН БОСЛОГО ГАРСАН. ҮҮНИЙГ ЗҮГЭЭР НЭГ БОСЛОГО БАЙГААГҮЙ. ШАМБАЛЫН АРИУН ДАЙН БАЙСАН ГЭЖ ЗАРИМ ХҮМҮҮС ЯРИХ ЮМ?
-Үүнийг сэлэм гялс толгой бөндгөс гэдгээр тайлбарлаж болохгүй. Ариун үйл, ариун журмыг тогтоохыг л Шамбалын дайн гээд байгаа юм. Энэ тухай шашны олон номон дээр ч байна. Шамбалын эзэн хаан, Майдар тэдэн онд заларна гээд биччихсэн байдаг. Бидний мэдэж буйгаар 1932 онд Шамбалын эзэн газар дороос гарч ирэх хугацаа нь таарчээ. Тийм учраас лам нарын бослого нь Ардын засгийг устгая гэсэндээ биш ердөө шударга журмыг тогтооё гэж гарсан байна. Яагаад гэвэл Ардын засаг гарч ирээд дэндүү буянтай хүмүүсийг цааш нь харуулсан шүү дээ. Тэр хүмүүсийг алуулахгүй байя, тус болъё л гэж босож ирсэн бослого юм. Ерөнхий цаад утгаараа шамбалын үйлсэд тусалъя л гэж байгаа юм.
-ДАРААГИЙН ҮЕ НЬ ХЭЗЭЭ ИРЭХ ЮМ БОЛ, ТАНЫ ОРЧУУЛСАН НОМОН ДЭЭР ЦАГААН ЗААН УНАСАН ДЭЛХИЙН ЭЗЭН ХААН 40 ЖИЛИЙН ДАРАА ЗАЛАРНА ГЭЭД БИЧЧИХСЭН БАЙНА БИЛЭЭ?
-Хэзээ гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Гэхдээ удахгүй л гээд байгаа. Одоо чи хар даа, хаа сайгүй Майдарын хөшөө босгоод л байна шүү дээ. Энэ чинь бас их учиртай юм. Ямар нэг юмыг бэлгэдээд, цаанаасаа нэг дохио ирээд л байгаа байхгүй юу. Зайсан толгойн баруун талд Майдарын хөшөө боссон. Мөн сая намайг Ховд явж байхад Өвөрхангайд бас харагдана билээ. Женко Х.Баттулга Майдар хот гээд яриад байгаа. Тэр хүн мөнгө нь илүүдээд босгочихоогүй шүү дээ. Энэ мэтчилэн Майдарын сэрэг дүрийг босгоод байгаа нь Шамбалын тухай яриа хүчтэй цуурайтахын угтал болдог. Майдарыг босоогоор нь бүтээх, суугаагаар нь бүтээх ч их ялгаатай. Тэр байтугай хөл нь тавцан дээр байна уу, газар дээр байна уу гэдэг нь хүртэл учиртай. Энэ талаар бурхан номын шашдирт нь биччихсэн л байгаа шүү дээ.
-ТА “ХҮН, АРААТАН, БУРХАД”-ААС АВАХУУЛААД “АГУУ ИХ БОСУУЛ”, “НУУЦ ТОВЧООНЫ КАФАРОВ”, “АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ” ГЭЭД ОЛОН НОМЫГ 10 ЖИЛИЙН ДОТОР ОРЧУУЛЖ ТӨР ЗАСГААС ЗОХИХ ЁСООР ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛСЭН. ГЭТЭЛ ЗАРИМ ХҮМҮҮС ТАНЫГ Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ АЖИЛЛАЖ БАЙСАН УЧРААС ГАВЬЯАТ АВЧИХЛАА Ч ГЭЖ ЯРИХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ ЮУ ХЭЛЭХ ВЭ?
-Яахав ээ яахав, 10 жилд над шиг дандаа чухал 30 ном гаргачихсан хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэгэхээр би тэр хүмүүст “Адуутай хүн адуугаа тойроод исгэрч явдаг юм. Адуугүй хүн айлын адуу алж идэх гээд хутгаа билүүдээд сууж байдаг юм” гэж хэлмээр байна. Намайг “Хүн, араатан, бурхад”-ыг дэндүү нуршуу орчуулсан, сул үг ихтэй гэж шүүмжилдэг.Тэгж хөөцөлдөж, судалж байгаа эрдэмтэн ч байдаг юм шүү дээ. Сул үг гэдэг чинь уран зохиолыг улам уран болгодог. Манайхан сул үг гэж элдэв дээдийн холбоосыг хэлээд байгаа юм. Сул үг гээд хэл зохиолынхоо нэр томъёонд буруу нэрлээд байгаа болохоос биш л, ч, нь … зэрэг үгнүүд чинь уран зохиолыг улам уран, найруулга сайтай, утга төгөлдөр болгодог байхгүй юу. Гэхдээ юм сайн хийдэг хүн дуугардаггүй, хүн рүү дайрдаггүй юм шүү дээ.
Ярилцсан О.ӨНӨРЦЭЦЭГ
2017 оны зургадугаар сарын 25












































































