Венесуэлийн ерөнхий прокурор Тарек Сааб АНУ-ын цэргийнхэн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсанд гүнээ дургүйцлээ илэрхийлж, Вашингтоныг “төрийн терроризм” үйлдсэн хэмээн буруутгав. Каракаст болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр Мадурог дипломат халдашгүй эрхээр хамгаалагддаг тул нэн даруй суллагдах ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна.
Мөн Нью-Йорк хотод Мадурогийн хэргийг хянаж буй АНУ-ын шүүгчид хандан “олон улсын хуулийг хүндэтгэж”, төрийн тэргүүнийг яллан шүүх эрх мэдэл байхгүйг хүлээн зөвшөөрөхийг уриалав.
Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нар Манхэттэний холбооны шүүхэд өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн газрын тосны нөөцөд анхаарлаа хандуулсаар байна. Тэрбээр “NBC News”-т өгсөн ярилцлагадаа, Венесуэлийн эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд газрын тосны компаниудын татаасыг ашиглаж магадгүй гэж хэлсэн юм. Мөн ийм төсөл 18 сараас бага хугацаанд хэрэгжиж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын эрчим хүчний сайд Крис РайтВенесуэлийн эрчим хүчний салбарыг сэргээх асуудлаар газрын тосны салбарын удирдлагуудтай уулзахаар төлөвлөж байна. Тус мэдээлэлд Райт болон одоогоор Венесуэлд үйл ажиллагаа явуулж буй “Chevron” зэрэг компанийн удирдлагууд энэ долоо хоногт Майамид болох эрчим хүчний бага хуралд оролцох төлөвтэй байна. Венесуэлийн газрын тосны олборлолт олон жилийн авлига, хөрөнгө оруулалтын дутагдал болон бусад хүчин зүйлсийн улмаас буурч байгаа юм.









































































