Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг НИТХ-ын дарга А.Баяр уриалсан.
Баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг. Иймд иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваариа сунгах, 00:00 цаг хүртэл уртасгахыг зах, худалдааны төвийн удирдлагуудад санал болгожээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн “Цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй. 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ” гэв.
Уулзалтад “Нарантуул” ОУХТ, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүр, “Хүчит шонхор” ХХК, “Скай хайпермаркет” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Тэд“Саналыг дэмжих боломжтой. Маргааш буюу баасан гарагт хариугаа эцэслье” гэв.










































































