Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мандуул нар 2024 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” -ийн хөтөлбөрөөр хэрэгжсэн “Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд тус цэцэрлэгийн анги танхим хүрэлцээгүйн улмаас түр үйл ажиллагаа явуулж байсан гэр цэцэрлэгийн оронд стандарт шаардлагад бүрэн нийцсэн өргөтгөлийн барилга баригдсанаар хүүхэд багачуудад аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдсэн. Энэ удаагийн санхүүжилтийн нийт дүн 114,211.44 ам.доллар юм.
Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш 36 жилийн туршид Монгол Улсад Өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус төсөл Налайх дүүрэгт хэрэгжүүлсэн 7 дахь төсөл болж байна.
“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос эхлэн хөгжиж буй орнуудын хот, орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог байна. Энэхүү дэмжлэгийг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам










































































