Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон Язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн “Батзүү” ХХК-ийн 50-иад уран бүтээлч гурван сарын хугацаанд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээлийг бүтээн урлажээ.
Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан, монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, соёлын онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болон хадгалагдах Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гуравдугаар сарын 1-нийг хүртэл дэлгэнэ.
Чингис хаан Үндэсний музейн эрдэм шинжилгээний дэд ажилтан, куратор Н.Гонгоржав:
– Тус дээл нь Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий, дэлхийн хамгийн том дээл юм. Энэхүү XIII зууны язгууртан эрэгтэй хүний дээлийн эх загвар нь Чингис хаан Үндэсний музейд хадгалагддаг.
Монголын үндэсний хувцасны бэлгэдэл, түүхэн агуулгыг цогцоор илэрхийлсэн соёлын үнэт өвд хамаарахуйц хэмээн үзэж, дотоод, гадаадын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор 14 метр өндөр, 18 метр өргөнтэй, хаан хээтэй язгуурны торгон дээлд Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлыг нарийн технологиор шаглан урласан.
Энэ нь Монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар болоод соёлын онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болсонд баяртай байна.







































































