Румын улсын мөсөн агуйгаас эрдэмтэд олон мянган жилийн турш мөсөнд хадгалагдаж байсан нянгийн омгийг илрүүлсэн байна.
Судалгаагаар уг нян нь орчин үеийн 10 төрлийн антибиотикт тэсвэртэй болох нь тогтоогджээ.
Судлаачдын тайлбарласнаар, энэ нян нь орчин үеийн хүний нөлөөнөөс ангид, удаан хугацаанд тусгаарлагдсан орчинд амьдарч ирсэн байна.
Иймээс антибиотик тэсвэрлэх чадвар нь зөвхөн эмийн хэт хэрэглээнээс үүдэлтэй шинэ үзэгдэл биш, харин байгальд эртнээс оршин байсан биологийн шинж чанар болохыг харуулж байна. Гэсэн ч уг нээлт нь аюул дагуулах шинжтэй гэхээсээ илүү шинжлэх ухааны ач холбогдолтой гэж судлаачид онцолжээ.
Эртний нянгуудын генетикийг судлах нь антибиотикт тэсвэртэй “супер нян”-гийн үүсэл, механизмыг ойлгох, цаашлаад шинэ эмчилгээний арга боловсруулахад чухал мэдээлэл өгөх боломжтой юм.








































































