АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны асуудлаар мэдээлэл өгөхдөө “Хамгийн хүнд цохилтыг хараахан хийгээгүй байна” хэмээн ярьжээ.
Тодруулбал тэрбээр “Бид тактикийн нарийн, дэлгэрэнгүй зүйлсийг мэдээлэхгүй ч АНУ-аас Иранд хийх хамгийн хүнд цохилт хараахан хийгдээгүй байна” хэмээн ярьсан байна.
Мөргөлдөөний эхний өдөр АНУ, Израилаас хийсэн халдлагаар Ираны дээд удирдагч амь үрэгдсэн. Мөн Ираны охидын сургуульд цохилт өгсний улмаас 160 орчим хүн амиа алдсан гэх мэдээлэл бий.
Энэ асуудлаар Рубио “АНУ-ын тал зориудаар сургуулийн байрыг онилоогүй” гэсэн тайлбар өгчээ.
Түүнчлэн Ираны хариу цохилтод Саудын Араб дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр өртсөн байна.
Тодруулбал Саудын Арабын Батлан хамгаалах яам тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны барилга Ираны дрон буюу нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн гэдгийг саяхан мэдэгдлээ.
Цохилтыг орон нутгийн цагаар шөнийн 03:00 цагийн орчимд хийсэн бөгөөд тухайн үед Элчин сайдын яаманд хүн байгаагүй тул хохирсон иргэн байхгүй гэж мэдээлжээ.
Саудын Араб дахь АНУ-ын Төлөөлөгчийн газар Жидда, Эр-Рияд болон Дахран хотод байгаа иргэддээ нуувчинд хоргодох мэдэгдэл гаргасан байна.
Эх сурвалж: ВВС





































































