Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна.
2026 оны хоёдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1000 гаруй иргэн, мөн 02 дугаар сарын 27-ны өдөр 400 гаруй иргэн (ихэнх нь өндөр настан, хүүхдүүд) хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг Монгол цэргүүд шуурхай хүлээн авч, нийт 1400 гаруй энгийн иргэнийг хамгаалалтад авчээ.
Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд цэргийн багийн зүгээс эмнэлгийн майхан төхөөрөмжлөн анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулжээ.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб







































































