УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэвлэлийн хурал хийэ байна. Намын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
-Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй. Ингэснээр УИХ-ын үйл ажиллагаа тасалдахгүй. Олон хүчин зүйлийн улмаас энэ шийдвэрт хүрлээ. Н.Учрал намын дарга, парламентын даргаар хавсран ажиллаж байна.
Нэг нам сүүлийн арван жилд тасралтгүй засагласан. Гэвч авлигын системийг угсарлаа. Намын өмнөх дарга нь телевизээр маш ноцтой асуудлуудыг ярилаа. Хэрэв БНСУ-д ийм зүйл тохиолдсон бол аль хэдийнэ жагсаал цуглаан эхэлчихсэн байгаа. Нэг сэтгүүлчийг хорих шийдвэрийг хэдэн улс төрч тойрч суугаад шийджээ. Хууль зүйн сайд авлига авсан талаар мэдээллээ. Ийм завхарсан намын дарга парламентыг даргалах ёсгүй.
Чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга Н.Учрал иргэдтэй уулзсан. Энэ үеэр УИХ ийм ийм шийдвэр гаргана гэж ярилаа. Энэ хүн УИХ-ыг төлөөлөх эрхгүй. Энэ хүн хуралдааныг зохион байгуулах л эрхтэй. Намын дарга, УИХ-ын даргын ажлаа хольж хутгалаа. УИХ-ын төсөв 30 тэрбум төгрөг байсан бол одоо 100 тэрбумыг давсан. Үүнийг УИХ-ын дарга захиран зарцуулдаг.
УИХ төрийн эрх барих дээд байгууллага атал энэ долоо хоногт бид юу хэлэлцэх нь тодорхойгүй байна. Уг нь өнгөрсөн долоо хоногт бүлгийн дарга нар хуралдан, хэлэлцэх асуудлаа баталдаг. Гэвч энэ хурал болоогүй байна.
Намууд 2027 оны тавдугаар сард ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлана. Үүнээс өмнө нам доторх сунгаа болно. Манай намд ерөнхийлөгчийн ажлыг хийх чадвар, туршлагатай гишүүд олон бий. Н.Алтанхуяг гишүүнийг буруугүй гэж гурван шатны шүүх шийдсэн. Гэтэл энэ шийдвэрийг гаргасан өмнөх бүрэлдэхүүн огт өөр шийдвэр гаргачихлаа. АН шүүхийг хүндэтгэнэ. Гэвч эргэлзээ төрүүлэхүйц шийдвэр гаргасан. Сэтгүүлчийг хорион гэж тойрч суугаад шийдсэн шиг зүйл болчих вуу?
УИХ-ын дарга Х.Тэмүүжин: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэний дараа бид энэ зарчмыг мөн ярьсан. Намын дарга парламентыг удирдах нь тохиромжгүй гэдгийг Д.Амарбаясгалан даргад хүргүүлсний дараа намын даргын сонгууль дуусах хүртэл дэд дарга нар чуулганыг хуралдуулсныг та бүхэн санаж байгаа.
МАН бол даргаа шүтдэг, даргын үг хууль байдаг нам. Энэ нь парламентын засаглалтай нийцэхгүй гэв.
АН дэд сайд нарыг чөлөөлөх, Засгийн газрыг огцруулах асуудлыг Засгийн газарт тавьжээ. Засгийн газраас албан хариу өгөөгүй байна.











































































