УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжил хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хууль дээр АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ завсарлагатай холбоотой асуудалд бид байр сууриа нэгтгэлээ.
Өнгөрсөн хугацаанд АН-ын дотоод сонгууль болж байсан учраас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль дээр байр сууриа нэгтгэх боломж хомс байсан. Өнөөдрийн бүлгийн хуралд 25 гишүүн оролцсоноос 25-уулаа энэ хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг шийдвэр гаргалаа. Өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно.
УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага иргэдтэй адил үйлчлэх ёстой. Одоогийн хуульд ч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахдаа шүүхээс шийдвэр гараад УИХ-д хүргэгдсэнээр, Үндсэн хуулийн цэцээс шийдвэр гараад УИХ-д танилцуулснаар тухайн гишүүнийг эгүүлэн татагдсанаар тооцно гэсэн байгаа. Энэ нь УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Энэ бол парламентын тогтолцооноос ухарсан хэрэг юм.
Энэ хуулийн төслийн санал хураалт Пүрэв гарагт болно. Түүнээс өмнө АН-ын Улс төрийн зөвлөлийг хуралдуулах шаардлага үүслээ гэж бид харж байна. Энэ асуудал дээр улс төрийн нам улс төрийн байр сууриа нэгтгэх ёстой гэж үзэж байна” гэв.








































































