ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр Нийслэлийн засаг даргын тамгыг орлогч Б.Мөнхбатад гардуулсны дараа байр сууриа илэрхийлэв.
-УИХ, Засгийн газрынхаа өөдөөс салаавч өгөөд зогсож байж болохгүй.Их мөнгө, хяналтгүй төсөв хүнийг яаж галзууруулдгийн жишээг бид энэ өдрүүдэд харлаа. Олон зүйлд дүгнэлт хийх нөхцөл үүслээ. 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аймаг, засаг захиргааны нэгжид салан тусгаарлахыг чиглэсэн санал асуулга явуулахыг хориглосон заалт оруулсан. Энэ нэмэлтийг хүмүүс төдийлөн анзаараагүй. Өөрөөр хэлбэл улс дотор улс байгуулж болохгүй.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Хэдхэн жилийн өмнө нийслэлийн төсөв 90 тэрбум төгрөг байв. Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд энэ нь бага байна, нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хангалтгүй байна хэмээн УИХ-ын гишүүд нам үл харгалзан, хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, бонд гаргах эрхийг нээсэн юм.
Цаашдаа улсын төсвөөсөө том хэмжээний төслүүдийг Засгийн газар өөрийн хараа хяналт, бодлого доор авч явах ёстойг харууллаа.
Улсаасаа давсан нэг ч дарга, сэтэртэн байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиас давсан ямар ч дарга манай улсад байхгүй. Иймд би ажил хүлээлцэхдээ “Монгол Улс нэг төртэй, нэг Ерөнхий сайдтай” гэдгийг зориуд хэлсэн.
Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нэгжийн тухай хуулиар захиргааны байгууллагууд Монгол Улсын Засгийн газарт захирагдана гэж заасан. Монгол нэгдсэн удирдлагатай. Монгол холбооны улс биш. Энэ үйл явдал бидэнд цаашдын дохиог өглөө. Хил залгаа аймаг орон нутгууд “том толгойлж”, Ерөнхий сайд, УИХ-ынхаа өөдөөс салаавч өглөө. Иймд Ерөнхий сайд энэ асуудалд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гэв.



































































