Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны эхний таван сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх иргэн, хуулийн этгээдийн 489 гомдол, мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалт явуулжээ. Шалгалтын дүнд 68 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоосон байна.
Үүнээс Авлигын эсрэг хууль зөрчсөн 12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ.
Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчил арилгуулах чиглэлээр 43 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтын явцад илэрсэн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Тухайлбал, нэгэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон гэх мэдээллийг шалгах үеэр татвараас зайлсхийсэн зөрчил илэрсэн байна. Улмаар холбогдох байгууллагын хяналт шалгалтаар 4.5 тэрбум төгрөгийн зөрчил тогтоож, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгожээ. Мөн аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургуулийн спорт заалыг бусдад түрээслэн олсон орлогыг байгууллагын дансаар төвлөрүүлсэн ч бэлнээр буцаан авч, хувьдаа зарцуулсан гэх зөрчил илэрсэн байна.
Багш, ажилчдаас сар бүр хууль бусаар мөнгө татан авч, зориулалт бусаар ашигласан зэрэг нийт 37 сая төгрөгийн зөрчил тогтоогдож, мөрдөн шалгуулахаар шилжүүлжээ.
Үүнээс гадна аймгийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий гурван албан тушаалтан хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд сувиллын газраас өөрсдөө үнэ төлбөргүй, гэр бүлийн гишүүддээ хөнгөлөлттэй үйлчилгээ авсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.




































































