Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшлийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ. Энэ хүрээнд олон нийтийг хамарсан арга хэмжээг 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулахыг хязгаарласан талаар Увс аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Тодруулбал, овооны баяр, ургийн баяр, баяр наадам, хурдан морины уралдаан, бооцоот адуучин зэрэг олон хүнийг хамарсан арга хэмжээг түр хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ.
Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Харин Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, зөвшөөрлийн хуудас бөглөсний үндсэн дээр зорчих боломжтой аж. Баян-Өлгий аймаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хоригложээ.
Албаныхан мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалтаас сэргийлэхэд иргэд, малчдыг хариуцлагатай байж, холбогдох байгууллагын шийдвэр, зөвлөмжийг мөрдөхийг уриалсан байна.
Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шүлхий өвчний тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор бүх малыг вакцинжуулж дуустал хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар тус сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.
Эх сурвалж: Увс аймгийн Байгаль орчны газар












































































