АНУ, Иран дайныг зогсоож, Ормузын хоолойг дахин нээх тохиролцоонд хүрсэн тухай мэдээллийн дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 4 гаруй хувиар буурлаа. Брэнт төрлийн газрын тосны үнэ баррель нь 83.75 ам.доллар, АНУ-ын WTI газрын тос 80.87 ам.доллар болж унасан байна.
Зах зээлд үнийн огцом бууралт үүссэн гол шалтгаан нь Ормузын хоолойгоор газрын тос, байгалийн хийн тээвэрлэлт сэргэнэ гэсэн хүлээлт юм. Энэ хоолой нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг бөгөөд сүүлийн гурван сарын турш дайн, бүслэлтээс болж нийлүүлэлт тасалдаад байсан юм.
Тохиролцооны хүрээнд АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн цэргийн бүслэлтээ цуцалж, Ормузын хоолойг 30 хоногийн дотор Ираны зохицуулалтын дор дахин нээхээр тусгажээ. Мөн дараагийн 60 хоногт Ираны цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээний асуудлаар өргөн хүрээний хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.









































































