Бүгд найрамдах Франц улсын зэвсэгт хүчинд алба хаадаг хоёр легион цэрэг тавдугаар сарын 19-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт амиа алдсан тухай Францын AFP агентлаг мэдээллээ. Амиа алдсан хоёр легионы нэг нь 24 настай Өмнөд Африкийн залуу байсан бол нөгөө нь 28 настай Монгол Улсын иргэн Бат*** байжээ.
Тэднийг орон нутгийн цагаар 11 цагийн орчимд сураггүй болсон мэдээ ирж, цэргийн баазаас шумбагч, аврагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг осол болсон газар буюу Марна гол дээр шуурхай ирсэн байна. Францын Сирпа Зэвсэгт хүчний Олон нийттэй харилцах албаны мэдээлснээр хоёр хүний 10 завь дээр нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй салаа Марна голд сургуулилт хийж явсан бөгөөд голын урсгалын хүчтэй эргүүлэгт завь хөмөрч 4 цэрэг ус руу унаснаас нь ийнхүү 2 нь нас барсан гэжээ.
Амиа алдсан хоёр цэргийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчидэд нь Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар гүн эмгэнэл илэрхийлжээ.
Ослыг Реймс дэх Олон нийтийн прокурорын газар мөрдөн шалгалтыг хийхээр болж Эпернаяын цагдаагийн алба бүхий судалгааны багийг томилж улмаар Эрүүгийн мөрдөн байцаах хэлтэст өнөөдөр задлан шинжилгээ хийхээр болсон байна. Бат**** нь 7 настай, хоёр сартай хоёр хүүхэдтэй байжээ.