Н.Алтанхуягийн Засгийн газрын хамгийн том
гавьяа бол барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болсон явдал байв.Чингис,
Самурай бондын мөнгө барилгын материалын үйлдвэрүүдэд зээл болон очсон гэж
тайлбарладаг билээ. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд барилгын чухал
материал болох цементийн үйлдвэрүүд олноор нээгдэж, урд хөршөөс цемент
зөөлгүйгээр дотоодын хэрэглээгээ бүрэн хангах чадамжтай болсон байдаг.
Гэвч хэт олноор нээгдсэн цементний
үйлдвэрүүдээс гарах түүхий эдийн чанарт хэн ч анхаарлаа хандуулсангүй. Бид
дотооддоо үйлдвэрлэж байна гэх уриа лоозон гаргаснаас биш, Хятадын цементээс
илүүг үйлдвэрлэсэн үү гэвэл эргэлзээтэй.
Жишээ нь нийслэлийн мэргэжлийн хяналтын
газраас эрүүгийн цагдаагийн газарт 2017 оны тавдугаар сарын 09-ний өдөр 02/1402
дугаартай албан бичиг хүргүүлсэн байна. Энэ бичигт чанарын шаардлага хангахгүй,
үнстэй хольсон цементийн талаар дурджээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32
дугаар хорооны нутагт 40 тоннын чингэлэгт үнс, 20 тоннын чингэлэгт цемент хийж,
холигчин хийж, савладаг \”Мен Гао” үйлдвэрийг илрүүлсэн байна.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны
нутагт 20 тоннын чингэлэгт цемент зөөгч машинаар үнс шахаж, холигчоор цементтэй
хольж савлаж байжээ.
Өөрөөр хэлбэл нэг шуудай цементний тал нь
үнс байсан гэсэн үг. Үнстэй цемент чанаргүй байх нь ойлгомжтой. Тиймээс иргэд,
аж ахуйн нэгжүүд цемент худалдан авахдаа чанар байдлыг нь тодорхойлсон
сертификат лабораторийн шинжилгээг үзэж авч байхыг анхаарууллаа. Мөн \”Мен Гао”
гэсэн шошготой цемент худалдан авахгүй байхыг анхааруулсан байна. Энэ нь дотоодын цементийн үйлдвэрүүдийн нэр
хүнд сөргөөр нөлөөлж байна.