УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ямар нэгэн ажил, албан тушаал, эрх мэдлийн төлөө шантааж хийж байгаа бол олон нийт шүүмжлэх нь зүй ёсны зүйл. Тэгэхээр эрүүл үзэгдлийн төлөө, магадгүй улс орны хэмжээнд парламентаар шийдэгдээд урт хугацаанд хохирол үзүүлж болзошгүй зүйлс дээр дан ганц нам гэлтгүй улс төрчид өөрсдөө бойкот хийх хэрэгтэй.
Энэ утгаараа бид 126 гишүүнтэй парламентыг байгуулах процессыг 2022 оноос эхлүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улмаар таван нам орж ирсэн.
Улс төрийн нам бол мэргэжлийн томоохон институт байх ёстой. Улсыг удирдах гэж байгаа нам институт болж чадахгүй байгаа учраас төрийн үйл ажиллагаанд үймээн самуун ихтэй, төрд гарч байгаа этгээдүүд улс төрийн намаар дамжин албан тушаал, эд хөрөнгийн төлөө явдаг нийгэм үүссэн.
Тиймээс улс төрийн намыг мэргэжлийн институт болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, би өөрөө улс төрд найман жил нэр дэвшээгүй.
Төрийн мөрдөс зүүсэн генерал нар хэний даалгавараар гарч ирж хэвлэлийн хурал хийсэн нь ойлгомжтой шүү дээ. Үзэл бодол нийлээгүй, цөөнх болсон нэгнийгээ намаас хөөж, хуулийн байгууллагаар айлгадаг болсон. Монгол Ардын нам улс төрийн зөвлөлөө хуралдуулахгүй бол болохгүй гэдгийг намын дарга байсан хүмүүс ярьж байна.
Засгийн газрын эсрэг дуугарсан хүнийг намаас хөөх заалт хаана ч байхгүй. Я.Содбаатарын ширээний нүдэн дэх намын дүрэмд ч байхгүй. Ардын нам арай ч ийм тоглоомын нам байгаагүй.
Төсвийн тодотголоор маш олон зүйл нууж оруулж ирдэг учир хэл ам дагуулдаг, нухацтай хандах ёстой.
“МАН-ынхан арай ч ийм байгаагүй” гэсэн гомдол, санал маш их ирүүлж байна. Би Ерөнхий сайдтай уулзах гээд явж байна. Ганцхан хүн гарч ирж, хэн нэгний мөрдөн байцаагч юм шиг ажилласан. Намайг МАН-ын даргад нэр дэвшчих вий гэж зорилготойгоор гутаасан” гэлээ.












































































