Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус \”Их эе” хурлыг өчигдөр /2017.05.28/ зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр \”Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон. Энэхүү хуралтай холбогдуулан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж мэдээлэл хийж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр \”2013 онд цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийн бүртгэлд тус хуралд суугаагүй 5 хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан. Тэдний энэ зүй бус үйлдлийг нь шалгуулахаар МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тус хэлстээс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Ийм байтал А.Сүхбат, Ж.Ганболд, Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс \”Их эе” хурлыг хуралдуулсан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн үйлдэл юм. Бөхийн өргөө ашиглалтад оронгуут 2002 оноос Х.Баянмөнх, Ж.Ганболд зэрэг хүмүүс энэ өргөөг авах гэж улайран тэмцэж эхэлсэн. Одоо бол Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар нар тэмцээд байна. Эдгээр хүмүүс хууль бус \”Их эе” хурал хийж, бөхийн холбоог авна гэвэл үгүй. Үүнийг нь хүчингүй болгоно. Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат, Ж.Ганболд нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй. Би хувьдаа МҮБХ-ны тэргүүнд хоёр гурван хүн бодож байна. Оюуны хөгжил, сэтгэл зүрхний боловсролтой хүнд би ажлаа өгнө. Бөхөө гэсэн сэтгэл зүрхгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Ганболд нарт би ажлаа өгөхгүй. Дэвшүүлээд байгаа хүн нь эд нартай адил бөхөө гэх сэтгэл, зүрхгүй ижил хүн байж магадгүй гэж би хардаад байгаа юм. Тэрнээс Л.Чинбат бид нэг нутгийн хүмүүс. МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийг 2018 онд багтаан хуралдуулна. Уг хурлаар би ажлаа өгнө. Дараагийн тэргүүнд өрсөлдөх эрх хүн бүрт нээлттэй\” гэдгийг хэлэв.