Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд дэмжихээ илэрхийлэв. Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Олон нийт –Иргэдийн хяналт төрийн бус байгууллага, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, \”Гайхамшигт энэрэл” сан, Сувилахуйн амьдрал төв төрийн бус байгууллага зэрэг 10 гаруй байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө нь, эхэлснээс хойш нийт 80 орчим байгууллага нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлэн санамж бичиг байгуулсан бол өнөөдөр 16 байгуулага хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Тус байгууллагуудын удирдлагууд улс орныг нэгдсэн нэг бодлогоор удирдаж эдийн засгийн хүндрэлээс гаргах нь чухал гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн харьяалагдаж буй салбар нь төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаагаас шалгаалан Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээр болсноо илэрхийлсэн юм. Тухайлбал, Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал \”Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболдыг дэмжинэ. Учир нь, Засгийн газар, УИХ үндсэндээ Монгол Ардын намаас бүрдсэн. Тиймээс улс орноо цэгцтэй, бодлоготой, нэгдмэл, тууштай байх талаасаа бодлогоо нэгтгэж ажиллая гэвэл улс төрийн хүчнүүд, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах шаардлага байна” гэлээ.
Монгол Ардын намын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар \”Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлээд тав хоног болж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө, эхэлсэн цагаас хойш Монгол Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээ илэрхийлж, улстөрийн нам, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэн санамж бичиг байгууллаа. Эдгээр байгууллагын төлөөллүүд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, \”Эвтэй Монгол, ээлтэй төр” уриаг дэмжиж байна” гэв.
Э.Цэцэг