Лондон хотын Терроризмтай тэмцэх албаныхан Лондон хотын өмнө зүгт ачааны машин явган зорчигчдыг мөргөсөн хэргийг шалгаж байна.
Орон нутгийн цагаар даваа гарагийн шөнө 12:20 цагт тус хэрэг гарсан байна. Болсон үйл явдал санамсаргүй болсон уу эсвэл зохион байгуулалттай болсон эсэхийг хууль сахиулагчид шалгаж байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор хэргийн газар зэвсэглэсэн цагдаа нар хамгаалалтад гарчээ.
Лондон хотын Цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар ачааны машины жолоочийг баривчилсан гэнэ. Хэрэг гарсан газрын ойролцоо хоёр ч лалын сүм байрладаг ба ачааны машинд мөргүүлсэн иргэдийн дунд хэд хэдэн мөргөлчид байсан тухай Их Британийн Лалын зөвлөлөөс мэдэгджээ. Хохирогчдын ихэнх нь Рамаданы сартай холбогдуулан оройн мөргөлөө үйлдээд харьж явсан гэнэ.
Лондон хотын Түргэн тусламжийн алба ослын газар луу хэд хэдэн машин илгээсэн байна. Гэрчүүдийн ярьж байгаагаар ачааны тэрэгнээс гурван хүн гарч гүйсэн ба цагдаа нар нэгийг нь барьж чадсан ч хоёр нь хэргийн газраас зугтаж амжжээ.