Нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан.
Гэвч шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням нар нь эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн. Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.
Шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нар шүүх аж.
Өмнө нь зургаадугаар сарын 12-нд болох байсан хурал өнөөдрийг хүртэл хойшлогдсон байсан юм. Өнөөдөр өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшлогдлоо.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХМА