Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 8. Буд гараг. Булаагч одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. 04:32 цагт сар тал болно.
Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 3 цаг 23 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.