Эрхэм хүндэт Сонгуулийн Ерөнхий Хорооныхонд!
Би гадаадад ажиллаж амьдардаг жирийн нэг Монгол улсын иргэн. Эх орондоо ажиллаж амьдрахыг хүсдэг ч ямар нэг нам, албан тушаалтныг нь дагаж цүнхийг нь барьж гүйхгүй л бол залуучууд бидэнд дээшлэх боломж маш хэцүү байдаг нь гашуун үнэн. Монголдоо томоохон сургууль төгсөж, мэргэжилдээ мундаг байвч ямар нэгийн намын оролцоогоор албан тушаал солигдох, халагдах явдал бишгүй байдаг.
Эсвэл ёстой нэг хүний \”бөгсийг долоох\” л хэрэгтэй болно доо. Үгүй бол залуус бид чинь байрны лизинг, хоолныхоо мөнгийг яаж олох вэ? Бор зүрхээрээ ёстой мундаг явж байгаа залуучууд бол бий л дээ. Гэхдээ гарын 10-н хуруунд багтахаар цөөхөн байх. Гадаадад ажиллаж амьдардаг бид чинь Монгол улсынхаа хөгжилд санаа зовж, эх орондоо валютын урсгалыг оруулж байгаа нэгээхэн хэсэг шүү дээ.
Гэхдээ бидэнд яагаад эх орныхоо ирээдүйг сонгоход боломж олгохгүй байгааг гайхаад байх юм! Үндсэндээ бид чинь сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байна. УИХ-ын сонгуульд бидний саналыг аваагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд мэдээлэл муутайгаасаа бүртгүүлж чадаагүй иргэдийнхээ саналыг нь авсангүй. За яахав бүртгүүлж чадаагүйгээсээ болж энэ удаагийн сонгуульдаа оролцож чаддаггүйн байж гээд бодоод өнгөрсөн.
Тэгтэл яасан нэг нэр дэвшигч 50%-с дээш санал аваагүй учраас санал хураалтыг дахин авах боллоо. Бүртгүүлж амжаагүй олон мянган иргэдэд маань боломж олдлоо хэмээн харж байсан чинь өмнө нь бүртгүүлсэн иргэдэд л санал өгнө гэх юм. Тэгээд бүүр ажлын өдөр үү? Та нар чинь уг нь СЕХ гээд мундаг хүмүүс л баймаар юм. Тэгсэн иргэдээ ерөөсөө боддоггүй мунхаг хүмүүс байх юм. Илүү их иргэдээ саналыг нь өгч оролцохыг уриалмаар байтал эсрэгээрээ ажиллаад байх юм.