Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ хуралдаж, дахин санал хураалтын товын талаар хэлэлцээд, долдугаар сарын 7-нд явуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болж өнгөрсөн. МУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн ч олонхийн санал авсан нэр дэвшигч хуулинд заасны дагуу 50+1 саналыг авч чадаагүй учир дахин санал хураах тов зарласан билээ. Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр дахин санал хураах өдрийг ирэх сарын 09 -ний өдөр явуулахаар, гадаад улсад иргэдээс санал авах хоёр дахь санал хураалтыг ирэх сарын 04-ний өдөр явуулахаар тов гаргасан юм. Гэвч иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд тавьсны дагуу СЕХ намуудын шаардлагыг хүлээн авч, хугацааг хоёр өдрөөр наашлууллаа.