Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ \”Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм.
Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөнө. Арга хэмжээний үеэр \”Монгол костюмс”, \”Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ны Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекцууд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулахаар бэлдэж байгаа аж.
Түүнчлэн 22 цагаас Нийслэлчүүд болон Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан \”Шөнийн гэрэлт гудамж”-д Дээлтэй Монгол наадмын хаалтын арга хэмжээ болох \”Дээлтэй диско” фашион партиг зохион байгуулна.
Өмнөх жилүүдийн адил Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах юм байна. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагуудыг шагнах юм. Мөн үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.
НЗДТГ