Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа амаржиж хүүтэй болжээ. Одоогоор ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Шүүхээс түүний ялыг эдлүүлж, хүүхдийг нь нэг ой хүрэхээр асран хамгаалагчид нь өгөхөөр болоод байгаа юм.
Түүнийг дөрвөн настай охины амь насанд санаатай хүрсэн хэргээр шүүхээс 24 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Мөн түүний нөхөр Т.Цогт буюу талийгч охины төрсөн эцэг Т.Цогтод мөн 24 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ Т.Цогтын таван жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Г.Маралмаагийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11-д зааснаар бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн, 91.2.12-д зааснаар онц харгис хэрцгий аргаар, 91.2.15-д зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 100.1-д зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэх зүйл ангиар буруутган ялласан юм.
Г.Маралмаагийн хувьд давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдох учиртай. Тиймээс Г.Маралмаа дөнгөж мэндэлсэн хүүхдийнхээ хамт 461 дүгээр хорих ангид хоригдох нөхцөл байдал үүсээд байгаа юм.