Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх хандив, тусламж Онцгой байдлын ерөнхий газарт тасралтгүй ирсээр байна.
Энэхүү сайн дурын аянд нэгдсэн \”Төрийн банк”-ны бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбалсүрэн 10 сая төгрөгийг, \”Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хамт олноос 7,720,000 төгрөгийг тус тус хандивлалаа.
Үндэсний агаарын тээвэрлэгч \”МИАТ” ХК-ийн зүгээс хамт олныхоо дунд хандивын аян өрнүүлж 6,137,000 төгрөг цугларсныг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв. Мөн улс орон, ард иргэдээ ой хээрийн түймрийн гамшиг ослоос авран хамгаалах үйлсэд амь насаа үл хайхран ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдаас 10 хүнийг гэр бүлийн хамтаар \”МИАТ” ТӨХК-ийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэ төлбөргүй аялуулах эрхийн бичгийг гардуулсан юм. Тус компанийн агаарын хөлгийн засварын залуус гар доорх материал ашиглан хийсэн троссон шүүр, цохиур зэргийг бэлэглэж, хандивын аянд нэгджээ.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд төлөөлөл болох \”Балдорж сан”, \”Япон Монголын соёл, эдийн засгийн харилцааны нийгэмлэг”-ийн тэргүүн Сато Норикотой хамтран 2000 ширхэг амны хаалтыг бэлэглэлээ.
Мөн Данцандоржийн Чойлин хийдээс Өвөрмонголд байгаа шавь, ахан дүүсээс нь цуглуулж, илгээсэн 700 гаруй мянган төгрөгийг гардуулан өгсөн бол \”УБ авторак клуб”-ын Замын-Үүдийн салбарын хамт олон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийг уриалан хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгөн хандивыг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.