Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадмыг Налайхчууд 07-р сарын 21,22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Баяр наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бие төлөөлөгч Даваадорж, НИТХ-ын С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Баяр наадмыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нээж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Улаанбаатар чуулган урлагийн тоглолтоороо наадамчин олны мэлмийг мялаалаа.
Энэ жилийн баяр наадмаар наадамчин олон сэтгэл хангалуун байсан бөгөөд тухлан сууж, баяр наадмаа үзэх зориулалтын сандал, үдшийн цэнгүүн, хамтлаг дуучид, нар хур тэгширсэн сайхан наадам болж байна гэж байсан юм.
АЙМГИЙН АРСЛАН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАВ
Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадмаар хүчит 256 бөх зодголсноос Говь-Алтай аймгийн Шарга сумын Хантайшир дэвжээний аймгийн заан Даваажаргал, аймгийн хурц арслан Бямба-Очир нар үзүү түрүү булаалдаж, аймгийн заан Даваажаргал 8 давснаар \”Аймгийн арслан” цолны болзол хангасан юм.
ХУРДАН МОРЬДЫГ ЦОЛЛОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны түрүүг насны ангиллаар цоллож, шагнал гардууллаа. Азарга насанд Налайх дүүргийн уяач Н.Батболдын халтар морь, Соёлон насанд Налайх дүүргийн уяач О.Энхболдын зээрд, Хязаалан насанд Баянхонгор аймгийн уяач Ганбаатарын хонгор, Шүдлэн насанд Налайх дүүргийн уяач Бямбадашийн буурал, Даага насанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Ариунболдын эрлийз хээр даага тус тус түрүүллээ.
Бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байж Налайхчууд минь хотол олноороо сайхан наадлаа.
Налайх дүүргийн ИТХ