Эмэгтэй хүнийг зөөлхөн зан ааш, сайхан сэтгэл, дулаахан инээмсэглэлээс гадна гоолиг сайхан бие чимдэг. Тиймдээ ч эмэгтэй хүн бүхэн сайхан биетэй болох гэж төрөл бүрийн дэглэм баримталж, хөлсөө урсгаж, хоолоо сойж өөрсдийгөө зовоодог. Харин та заавал хэцүү дэглэм баримталж, хэт өлсөхгүйгээр галбирлаг сайхан биетэй болох боломжтой гэвэл итгэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ биеийг галбирт, төгс болгох хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэлээ.
1.Бодит зорилго тавих
Ойрын хугацаа болон хэтийн зорилго тавьж, дэвтэр дээрээ томоос том тэмдэглээрэй. Гэхдээ таны зорилго бодит байдал дээр биелж болохуйц байх ёстойг анхаарах хэрэгтэй. Хэзээ ч бүтэхгүй эсвэл хэтэрхий том зорилго тавих нь таны урам зоригийг мохоох аюултай байдаг. Тиймээс ойрын хугацааны зорилгоо тодорхойлж, бага багаар урагшлахыг хичээгээрэй.
2.Өглөөний цайг өөртөө
\”Өглөө хаан шиг хооллож, оройдоо тариачин шиг ид” хэмээх үг байдаг. Тус үгнээс улбаалж, өглөөдөө хамгийн шим тэжээлтэй хоол хүнсийг сонгон хэрэглэж, оройдоо аль болох бага хоолыг идээрэй. Ингэснээр хоол боловсруулах системийг дэмжиж, таныг эрүүлээр тураах болно.
3.Их хэмжээний ус уух
Бид цангаж, усаар дутагдах үед, хүний биед өлссөн мэдрэмж төрдөг байна. Харин үүнийг нь хүмүүс буруугаар ойлгож, хоол идэж, таргалах нөхцөлийг бүрдүүлдэг аж. Та өдөрт их хэмжээний ус ууж, огт цангахгүй байснаар, өлсөх мэдрэмжээс хол байж, хэтрүүлэн идэхгүй байх болно. Хэрэв та өлсөж байгаа мэт санагдвал, 1 аяга ус уугаад үзээрэй.
4.Ойр ойрхон багаар идэх
Удаан хоол идэхгүй байснаар маш ихээр өлсөх бөгөөд өлссөний дараа хоол идэхдээ хүн өөрийгөө хянаж чадалгүй хэтрүүлэх нь бий. Энэ нь хоол боловсруулах системд сөрөг нөлөө үзүүлж, таргалах үндэс суурийг тавьдаг байна. Иймд та ойр ойрхон багаар идэж, аль болох өөрийгөө өлсгөхгүй байх хэрэгтэй.
5.Төлөвлөгөө гаргах
Долоо хоног бүр төлөвлөгөө гаргаж байгаарай. Эхний өдөр ямар хоол идэж, хэр их дасгал хийх гэхчлэн, бүхнийг төлөвлөх хэрэгтэй. Хамгийн гол нь төлөвлөгөөгөө мөрдөж, идэвхитэй байх шаардлагатай юм. Мөн таны гаргаж байгаа төлөвлөгөө уйтгартай, нэгэн хэвийн байх ёсгүйг анхаараарай.
6.Иддэг хоолны хэмжээгээ багасгах
Иддэг хоолны хэмжээгээ багасгахын тулд тавгаа сольж, жижиг болгох хэрэгтэй. Одооноос тус тавгандаа хоол идсэнээр, та хамаагүй бага хэмжээтэй хоол идэж, жингээ барьж чадна.
7.Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй
Би заавал энэ өмдийг өмсдөг болно хэмээн зорилго тавих нь зөв боловч өөрийгөө байнга хүчилж, сэтгэл санааны тогтворгүй байдалд аваачих нь харин ч таныг таргалуулж байдаг юм. Аль болох тайван, сэтгэл санаагаа өөдрөг байлгаснаар, хурдацтай турж эхэлдэг байна. Таныг таргалуулж буй бас нэгэн шалтгаан бол \”стресс” юм.
8.Стрессээс ангижрах
Стресс нь таныг хамгийн ихээр таргалуулдаг зүйлсийн нэг болохыг дээр дурдсан билээ. Иймд хамгийн гол нь та сэтгэл санаагаа тайван байлгаж, бүхнийг эерэг сайхан талаас нь харж байгаарай. Энэ нь таныг турахад томоохон тус хүргэх нь гарцаагүй. Хэрэв үнэхээр бухимдаад, сэтгэл санаагаар унаад байвал, йогоор хичээллэж, бодлоо цэгцлэх боломжтой.