УИХ-ын гишүүн,
МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн
Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд \”60 тэрбумаас намаа цэвэрлэе”
хөдөлгөөнийг байгуулан ажиллаж эхэллээ.
60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай асуудал үнэн бодит юм. Гэвч
сонгуулийн хугацаанд МАН-ын залуус уг асуудлын хажуугаар нүдээ аньж
өнгөрүүлсэн. Харин цаашид ийм асуудалтай эвлэрч болохгүй. Тиймээс л 60 тэрбум
гэгдэх идээ бээрээс салж,цэвэрлэгээ хийхийг хүссэн байна. Энэ бол тун зөв
шийдэл. МАН ч 60 тэрбумийн асуудалд холбогдсон этгээдүүдтэй хариуцлага тооцсон
цагт улс төрийн туршлагатай, хариуцлага тооцох чадвартай хүчин гэдгээ иргэд,
сонгогчиддоо харуулж чадах юм.
Одоо МАН-д 60 тэрбумын асуудлыг шийдвэрлэх, намаа цэвэрлэх зорилготой
залуус байхад сонгуульд ялагдсан бурууг намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Амарбаясгаланд нялзаагаад өнгөрөх бүлэг хүртэл байгуулагджээ.
Тэднийг Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй хүмүүс
удирдаж байна. М.Ганбаатар бол Ц.Сандуйгийн хүн. Тэгэхээр түүний зорилго нь
сонгуульд ялагдсан бурууг 60 тэрбумаас холдуулж, МАН-ын нэр хүндийг шаварт
хутгасан нөхдүүдийг хариуцлагаас мултлах гэж ойлгогдож байгаа юм.
МАН 2020 оны сонгуульд оролцоно, ялалт байгуулна гэсэн чин хүсэл эрмэлзлэл
байгаа л бол 60 тэрбумын асуудлаа цэвэрлэж, үүнд холбогдсон хүмүүстэй
хариуцлага тооцох нь улс төрийн хувьд хамгийн зөв шийдэл юм.
Ард түмэн, МАН-ын залуус үүнийг л хүсч байна. Бугласан идээг хагалахгүйгээр
МАН-ын замналыг цааш нь ярих боломжгүй.
Ирэх есдүгээр сард МАН-ын 10 дугаар бага хурал болно. Энэ хурлаар тодорхой
асуудлууд яригдана. Мэдээж хариуцлагын тухай ч яригдах биз. Тэгэхээр сонгогчдод
нэгэнтээ л буруу ойлголтыг өгчихөөд байгаа зарим хүмүүсээс л аль болох хурдан
салах хэрэгтэй. Ингэж байж л МАН-д дараагийн сонгуулийн үүд хаалга нээгдэх
болно.
Амар
Өглөө.мн