Монголоос Хятад руу гаргах нүүрсний экспорт өнгөрсөн зургадугаар сард огцом өсжээ. Энэ нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл эрчимжсэнтэй холбоотой гэж \”Reuters” агентлагт уламжилсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын дунд үеэс Монгол болон ОХУ-ын Хятад руу гаргах нүүрсний хэмжээ өссөн аж. Энэ нь БНХАУ-ын зүгээс Хойд Солонгост худалдааны хориг тавьсантай холбоотой юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголын нүүрсний экспорт 79.5 хувиар өссөн. Өнгөрсөн жил Монгол Улс 10.4 сая тонн нүүрс экспортолсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Гэхдээ өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Хятадын нүүрсний импорт анх удаа буурсан дүнтэй гарч буй гэнэ. Бээжин энэ тавдугаар сард дотоодын үйлдвэрлэгчдээ хандан гаднын орноос авч буй импортын нүүрсний хэмжээгээ 5-10 хувиар бууруулах хүсэлт тавьсан гэнэ.
Өнгөрсөн сарын Монголын нүүрсний экспортын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58.9 хувиар өссөн бол ОХУ-ынх 41.7 хувиар дээшилсэн байгаа юм. Харьцуулахад, Хятадад хамгийн их нүүрс нийлүүлдэг Австралийнх 6.8 хувиар өссөн байна. БНХАУ-ын хувьд тав болон зургадугаар сард Хойд Солонгосоос нүүрс импортолж аваагүй.