Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ. Тус сургалтыг энэ сарын 25-наас 08 дугаар сарын 25-ны хооронд БЗД-ийн Гүнжийн хоолой дахь Их сургуулийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд зохион байгуулах юм. Сургалтад хамрагдах бие бүрэлдэхүүн өнөөдөр Их сургуулийн байрлалаас сургалтын төв хүртэл нийт 12 километрийн явган марш үйлдэв.
Энэхүү сургалтад нийт 400-гаад элсэгч хамрагдаж байгаа бөгөөд сургалтаар цэргийн хэргийн мэдлэг, цэргийн жагсаалын дүрэм, галын бэлтгэл, сэтгэл зүй, биеийн тамир гэсэн хичээлүүдийг үзэж судлах юм. Мөн элсэгчдийг цэргийн албаны мөн чанар, багаар ажиллах чадварт суралцуулах, дүрмээр харьцах соёл, эх оронч үзлийг төлөвшүүлж, сэтгэл зүйн хувьд албаны ачаалал даах чадвар эзэмшүүлэх зэрэг нь тус сургалтын гол ач холбогдол юм.
Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн даргаар Цэргийн зохион байгуулалтын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэн, Штабын даргаар Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын Ёс журмын ахлах ажилтан, ахмад Э.Хосбаяр, Салбарын даргаар Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн Соёл, олон нийтийн ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр Соёл, олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, ахмад Д.Баттогоо, Арын албаны даргаар Санхүү хангамж үйлчилгээний газрын Хангамж үйлчилгээний албаны хоол зүйч, цагдаагийн ахмад Ц.Гансүх нарын 40 гаруй албан хаагч томилогдон ажиллана.
Бие бүрэлдэхүүнийг Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад гарахын өмнө Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ уулзаж, үүрэг чиглэл өгч, сургалтад нь өндөр амжилт хүсэн ерөөв.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА