Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, тархац нутагтай газарт шилжүүлэн тавих ажлыг тавдугаар сард зохион байгуулж, Шарга морьт, Хуурайн мухарын зуслангуудаас 52 толгой тарвага нүүлгэн шилжүүлсэн.
Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгууллаа. Найрамдал хүүхдийн зусланд энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ныг хүртэл \”Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалтад оролцох 1500 хүүхдийн отог байрлах газрыг чөлөөлүүлж, нийт 21 тарвагыг барьж, нүүлгэн шилжүүллээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаагаа санаачлан хэрэгжүүлж байгаа суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажил нь нийслэлийн нутаг дэвсгэрээс тарвага бүрмөсөн устахаас хамгаалах, байгалийн гоц халдварт тарваган тахал өвчин үүсгэх аюулаас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Гэвч, зуслангийн оршин суугчид тухайн зуслангийн бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажилд саад учруулах, эсэргүүцэл үзүүлэх, гомдол гаргаж, тарвага барих зориулалтын хэрэгслийг эвдэн сүйтгэж байгаа нь ажил явуулахад хүндрэлтэй байгаад зогсохгүй, ирээдүй хойчид гарч болох эрсдлийг огт тооцохгүй байна.
Энэ удаа нүүлгэн шилжүүлж байгаа эдгээр тарвагыг хуучин тарвага амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болон Шархадны амны Сүүж ууланд нутагшуулж тавьлаа.
Тус ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн бөгөөд шинэ нутагтаа хэрхэн дасаж, нутагшиж байгаад хяналт, мониторинг хийж, хамгаалалтандаа авч ажиллах болно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.