Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдөр болж өчигдөр орой шийдвэрээ гаргалаа.
Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөсөн юм. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцжээ.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Г.Шийлэгдамбад 5 жил 1 сар, харин түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1 жил 6 сарын ял өгсөн байна. Мөн ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, \”Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.