Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хурал 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд эхэллээ. Өнгөрсөн хугацаанд хяналтын шатны шүүх хурал яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдоод байсан юм. Яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг нээлттэй зохион байгуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавилаа.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй бөгөөд хаалттай явуулахаар шийдвэрлэв. Шүүх хурлыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг даргалж, улсын яллагчаар Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нар оролцож байна.
Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм. Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.